САНГИЙН ЯАМНЫ ТӨСВИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА М.САНЖААДОРЖ: МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТ СЭРГЭЖ, ТӨСВИЙН ОРЛОГОД ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛЖ БАЙНА.

Мэдээлэл нийтлэсэн: Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар

Нийтлэсэн огноо: 2024 оны 05 сарын 17


Монгол Улсын Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадоржтой 2024 оны 4 дүгээр сарын төсвийн гүйцэтгэл, нүүрсний экспортын талаар ярилцлаа.

1. Энэ оны Монгол Улсын төсвийн нөхцөл байдал хэр байна вэ?  

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2024 оны эхний 4 сарын байдлаар нийт 10.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 44.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Манай улсын төсвийн орлогод гол нөлөөлөл үзүүлдэг салбар бол уул уурхай юм.Тэр дундаа гол төвлөрүүлдэг ашигт малтмал бол зэс, нүүрс байдаг. Энэ оны 4 сарын байдлаар гэхэд уул уурхайн салбараас нийт 1.8 их наяд төгрөгийг АМНАТ-ийн орлогоор, 1.7 их наяд төгрөгийг ААНОАТ-ын орлогоор төсөвт төвлөрүүлсэн байна. Түүнчлэн, 2023 онд цар тахал болон олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэн уналтад ороод байсан эдийн засаг буцаж сэргэн, уул уурхай болон бусад салбаруудын үйл ажиллагаа сайжирч, иргэдийн бодит орлого дээшилсэн зэрэг эдийн засаг идэвхэжсэн жил байлаа. Үүний үр нөлөө энэ жил мөн хадгалагдаж, энэ оны эхний 4 сарын байдлаар НӨАТ-ын орлого 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 37.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2. Уул уурхайн салбарын өсөлтөд юу нөлөөлж байгаа талаар?

Уул уурхайн биржийн бүтээгдэхүүний тухай хууль 2022 онд батлагдаж, хэрэгжиж эхэлснээс хойш бид уул уурхайн бүтээгдэхүүнээ нээлттэй, ил тод, олон улсын зах зээлийн үнээр борлуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Биржээр уул уурхайн бүтээгдэхүүнээ арилжиж эхэлсэн нь төсвийн орлого болоод улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна. Тухайлбал 2023 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 70 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 15 сая тонныг буюу нийт нүүрсний экспортын 21 хувийг биржээр арилжаалсан байна. Нүүрсний ангиллаар авч үзвэл 54 сая тонныг коксжих чанартай нүүрс, 16 сая тонныг эрчим хүчний нүүрс эзэлж байна. Өмнө “уурхайн ам” нөхцөлөөр зарагдаж байсан нүүрс “хил”-ийн үнэд шилжсэн нь манай улсын байгалийн баялгийг үнэлгээг нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлж, цаашлаад төсвийн орлого нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлсэн зэрэг олон давуу талтай байна. Мөн биржээр зөвхөн нүүрс биш, төмөр, жоншны бүтээгдэхүүнийг арилжих бололцоог өнгөрсөн оны 9 сард нээж өгсөн бол энэ онд зэсийн баяжмалыг арилжаалах боломжтой болсон билээ.

3. Манай улсын экспортын хэмжээ өсөж байгаа ч үнэлгээ нь буурсан талаар ярьж байна. Энэ талаар тайлбарлавал?

Энэ оны эхний 4 сарын байдлаар нийт 25 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин экспортын үнэлгээ буурсан талаар тайлбарлахад нүүрсний үнэ буурсан нь голлон нөлөөлсөн байна. Манай хөрш улс болох БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбар удаашралтай хэвээр байгаа учир дотоодын гангийн хэрэглээ буурч, тус улсын коксжих нүүрсний нөөц нэмэгдсэн нөхцөл байдалтай байна. Эрэлт сул, нөгөө талдаа нийлүүлэлт эрэлтээ давсан байгаагаас шалтгаалж нүүрсний нөөц нэмэгдэж эхэлдэг. Коксжих нүүрсний нөөц нэмэгдэж байгаа нь үнийг бууруулах гол хүчин зүйлүүдийн нэг болж байна.

4. Цаашид яах вэ? Нүүрсний экспортыг их өндрөөр төсөөлсөн байгаа шүү дээ. Хятад улс нүүрс авахаа зогсоовол яах вэ?

БНХАУ-д 2024 оны 3 дугаар сард зохион байгуулагдсан “БНХАУ-ын нүүрсний импортын олон улсын дээд хэмжээний уулзалт”-ын үеэр тус улсын нүүрсний зах зээлийн төлөв байдал, цаашдын хандлагын талаар танилцуулсан бөгөөд үүндээ Хятад улс нийт 450-500 сая тонн нүүрсийг импортлохоор төсөөлж байгааг онцолсон. Үүнээс нийт 108 сая тонн коксжих нүүрсийг импортлох төсөөлөлтэй байгаа бөгөөд 55-60 сая тонн коксжих нүүрсийг Монгол Улсаас импортлох төлөвлөгөөтэй байгааг танилцуулсан болно. 2023 онд гэхэд 70 сая тонн нүүрсний 77 хувь буюу 54 сая тонн нүүрсийг коксжих чанартай нүүрс эзэлж байсан. Энэ үзүүлэлтийг БНХАУ-ын талаас нэмэгдүүлэхээр төсөөлж байна. Тус улсаас нүүрсэнд суурилсан эрчим хүчний салбарын өсөлтийг үе шаттайгаар бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжих хандлагатай байна.  Хэдий БНХАУ-аас нүүрсний хэрэглээг багасгах, түүхий гангийн үйлдвэрлэлийн өсөлтийг үе шаттайгаар бууруулах бодлогыг баримталж байгаа ч ойрын жилүүдэд тус улсын коксжих нүүрсний хэрэглээ буурахааргүй байна. Манай улс 70 сая тонн нүүрс экспортолж чадсан. Ирэх жил 80 сая тонн нүүрс экспортлохоор төсөөлж байна. Нөгөө талдаа ч нүүрсний эрэлт буурахгүй талаар онцолж байгаа тул бид нүүрсний экспортыг буурахгүй, цаашид тогтвортой байна гэж төсөөлж байна.Түүнчлэн зөвхөн нүүрс биш гол экспортын бүтээгдэхүүн болох зэсийн үнэ олон улсад нэмэгдэж байна. Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхлээд хоёр дахь жилдээ орлоо. Оюу толгойн гүний уурхайн нөлөөгөөр зэсийн баяжмалын экспорт нэмэгдэх, зэсийн баяжмалын агуулга сайжирч өндөр үнэлгээгээр зарах боломж бий болж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр анх удаагаа зэсийн баяжмалыг арилжаалсан бөгөөд зэсийн баяжмалыг тонн тутамд 2,141.8 ам.доллар, үүнээс цэвэр зэсийн үнэлгээг гаргавал тонн тутамд 9,583.1 ам.доллароор үнэлэн амжилттай арилжсан. Энэ нь манай улсаас экспортлох цэвэр зэсийн үнэлгээ Лондоны металлын бирж дээр зарлагдаж буй зэсийн үнэд ойртож чадсан онцлох үзүүлэлт юм.

Ярилцсанд баярлалаа.



Мэдээ, мэдээлэл












Эмгэнэл ...

2024.03.15










САНГИЙН ЯАМ © 2024 он