Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2022 оны 10 сарын 19


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2022.10.18/ хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Ирэх онд Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төр өөрөөсөө эхлэн хэмнэлт хийхийг нэн тэргүүний зорилт болгож байгаа бөгөөд хууль тогтоомжийг хэрэгжүүлснээр урсгал болон хөрөнгө оруулалт, түүнчлэн гадаад зээлийн ашиглалтын зардлыг оруулан тооцвол нэг их наяд төгрөгийн хэмнэлтийг бий болгож чадсан.

Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж инфляц өндөр байгаа энэ цаг үед орлогын эрсдэлд ойрхон байгаа болон бага хэрэглээтэй өрхүүдийн орлогын баталгааг сайжруулахад дээрх хэмнэлтээс бий болсон эх үүсвэрийг зарцуулах боломж бүрдэнэ. Төрийн албаны цалингийн тогтолцоонд шинэчлэл хийж цалин хөлсийг ажилласан жил, бүтээмж, хүрсэн үр дүнтэй уялдуулан уян хатан тогтоодог зарчимд шилжихийг зорьж байна. Энэ хүрээнд төрийн албаны цалингийн нэмэгдэл, шатлалыг үндэслэлтэй, бодитой болгох өөрчлөлтүүд орж байгаа.

Түүнчлэн, төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурыпих явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20-оос доошгүй хувиар тогтоож үүн дээр нэмээд тухайн орон нутаг эдийн засгийн нөөцөө боломжит дээд хэмжээгээр ашигласан, орлогоо давуулан биелүүлсэн бол орон нутгийн удирдлага нь төрийн захиргааны албан хаагчдынхаа цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх эрхийг өгснөөр төрийн албан хаагчийн цалин хоёр дахин нэмэгдэх боломжтой болно.

Мэргэжлийн хяналтын чиг үүрэг, бүтцийг оновчтой болгон зохион байгуулахтай холбогдуулан эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай, хүнсний аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай урсгал зардлыг холбогдох яам, агентлагт шилжүүлж, харин төрөөс нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх хяналтыг “Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх байгууллага” хэлбэрээр зохион байгуулж холбогдох зардлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд тусгаад байна.

Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх цогц бодлогыг дэмжиж Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын харьяанд Төрийн үйлчилгээг зохицуулах газрыг 174 орон тоо, 5.1 тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар тусгалаа.

Хувийн хэвшлээр төрийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлж төсвийн зардлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас баримталж байгаа бодлогын хүрээнд “Засгийн газрын автобааз” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоонд шилжүүлж, цаашид орлогоороо зарлагаа нөхөх зарчмаар бие даан ажиллуулахаар тооцлоо.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төрийн яамд автомашинтай байхыг хязгаарласан. Энэ хүрээнд зайлшгүй хэрэгцээ шаардлагыг харгалзан бүх яамдад тээврийн үйлчилгээний зардалд зориулж 200.0 сая төгрөгийг л төсөвлөөд байна. Ингэснээр шаардлага гарсан тохиолдолд хувийн хэвшлийн авто тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас дуудлагаар хэрэглэдэг болсноор автомашинтай холбоотой тээвэр шатахууны болон засвар үйлчилгээний зардлын 50 орчим хувийн бодитой хэмнэлт бий болно.

Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих дээрх төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд барьж, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 19.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 20.5 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьд хүрэхээр төсөөлж байна гэлээ.

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулсан юм. Тэрбээр, Улс орны гадаад, дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх, халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарсан гэлээ. Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч Улсын Их Хуралд гурван асуудлыг толилуулж, Засгийн газарт зургаан зөвлөмж өгсөн гээд Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2023 оны урсгал зардлын төсвийн төслийн талаар танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хувьд байдал амаргүй байгаа. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал ирэх жил үргэлжлэх нь. Жилийн өмнө бид өөдрөг төсөөлөлтэй байсан бол одоо эргэсэн. Тийм учраас дэлхий нийтээрээ хамгийн том нийтлэг асуудал болсон инфляцтай хөл зэрэгцэн, бодлого нийлж явахаас өөр аргагүй боллоо. Улс орнуудын Төв банкууд мөнгөний хатуу бодлого руу орж, төсвөө байж болох түвшиндээ хумих бодлого барих нь. Нөгөө талд эдийн засгийн өсөлт гэж чухал асуудал бий. Бид мөнгөний бодлогоо хатууруулж, төсвөө хумиад, өсөлтөө орхивол түүнийгээ эргүүлэн босгоход өндөр үнэ төлөх болно. Тиймээс бүх зүйлийн балансыг барих хэрэгтэй байна. Бидний ирэх жилийн хамгийн том зорилго бол эдийн засгаа тогтворжуулах, дараагийн болзошгүй эрсдлээс сэргийлэх. Ингэж байж дараагийн тогтвортой өсөлтийг бий болгох учиртай. Тиймээс  урсгал зардал, хөрөнгө оруулалтын хувьд тэвчиж болох хэмжээгээр багасгаж, хэмнэх бодого барьж байна. Мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг барьж болох хэмжээнд багасгаж, олон нийтэд том цохилт болж буй үнийн өсөлт, инфляцыг хязгаарлаж, зорилтот түвшин болох нэг оронтой тоо руу жилийн эцэст оруулья гэсэн зорилтоо чухалчилж байгаа гэв.

Ингээд 2023 оны төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он