Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2022 оны 06 сарын 03


УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.03/ хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссоос 2019 онд баталсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай жишиг хууль, түүний гарын авлагыг судалж, хуулийн төслөө боловсруулсан бөгөөд энэ нь анхдагч хуулийн төсөл гэдгийг онцолсон. Тэрбээр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зорилго, хамрах хүрээ, зарчим, нэр томьёо, ойлголтуудыг тодорхой болгож нийтийн зориулалттай дэд бүтцийн болон төрийн үйлчилгээний чиг үүргийг харилцан үр ашигтай нөхцөлөөр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх замаар улс орны дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн суурь нөхцөл болон төр, хувийн хэвшлийн түншлэлд төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг зааг ялгамжтай тодорхойлж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулж, санхүү, төсвийн хяналтыг тухай бүр хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгасан.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлт болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай уялдуулан төлөвлөх, түүнд бэлтгэх, төсөлд тавигдах шаардлагыг тусгайлан хуульчлан тусгахын зэрэгцээ  түншлэлийн төслийг олон нийтэд зарлах, мэдээлэх болон төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шатуудтай холбоотой процессын зохицуулалтуудыг тусгасан гэв. Түүнчлэн, хувийн хэвшлийн түншлэгчид тавигдах шаардлагыг томьёолж, түншлэгчийг сонгох, гэрээ байгуулах асуудлыг тодорхой, ойлгомжтой, ил тод байдлыг хангах байдлаар хэрэгжүүлэх зохицуулалт, түншлэгч талуудын чиг үүрэг, эрсдэлийн удирдлага, түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг болон бусад оролцогчдын чиг үүрэг, ялангуяа төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд салбарын яамны үүрэг, оролцоо, хамтын ажиллагааны талаар нарийвчлан тусгасан бөгөөд цаашид “Барих-Шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, үр ашиг муутай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглох заалтыг тусгасан болно. Ингэснээр төсвөөс үр ашиггүй концессын төслүүдэд эргэн төлөлт хийдэг байдал арилж, төсвийн ачааллыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж байлаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хүрээнд түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах, түншлэлийн төслийн эрсдэлийг хуваах, төрөөс үзүүлэх дэмжлэг тодорхой болсноор гэрээний суурь харилцааны хууль, эрх зүйн орчин тодорхой болгох зохицуулалтыг тусгаж, түншлэлийн ил тод байдлыг хангах, төслийн хэрэгжилтэд хяналтын тогтолцоог бүрдүүлэх, төсвийн санхүүжилтийн болон эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, төслийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалтуудыг нарийвчлан оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх гомдол шийдвэрлэх асуудлыг тодорхой зохицуулах, үүссэн маргааныг гэрээнд болон хуульд заасан хэлбэрээр шийдвэрлүүлэх зохицуулалтыг тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцоллоо.

Хуулийн төслийг хэрэгжүүлснээр томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он