“ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Мэдээлэл нийтлэсэн: Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар

Нийтлэсэн огноо: 2021 оны 10 сарын 05


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Европын Холбооноос үзүүлж буй Төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” техник туслалцааны төслийг УИХ, Үндэсний аудитын газар, Сангийн яам, ХНХЯ, ХХААХҮЯ-нд хэрэгжүүлж байгаа билээ.

Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг хөдөлмөр эрхлэлтийн салбарт нэвтрүүлэх, төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, төсвийн үйл явц дахь байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Сангийн яамтай хамтран “ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО” сургалтыг 10 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад тус яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн нийт 90 орчим төрийн албан хаагчид хамрагдаж Европын Холбооны Хамтын ажиллагааны багийн ахлагч Пьер-Ив Лукас, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Төсвийн шинэчлэл нь орцод суурилсан уламжлалт төлөвлөлтөөс гарц, үр дүн, чанарт суурилсан хэлбэрт шилжиж байгаа дэлхий нийтийн чиг хандлагыг Монгол Улсад нэвтрүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд энэхүү төсвийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд Сангийн яамны газар, хэлтсүүдийн үүрэг оролцоо чухал” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Сургалтаар үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг нэвтрүүлсэн олон улсын сайн туршлагаас суралцаж, Төсвийн шинэчлэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, энэ хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн төсвийн төлөвлөлтийг нэвтрүүлэх талаар мэдээлэл авч, харилцан санал солилцов.

                             


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он