Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонсов

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 04 сарын 09


Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.09) нэгдсэн  хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонсов. Энэ талаарх мэдээллийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.

Сангийн сайд мэдээлэлдээ, коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г 2021 оны 42 дугаар тогтоолоор 56 арга хэмжээтэйгээр батлан хэрэгжүүлж байна. Цогц төлөвлөгөөнд иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийг орон сууцжуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих болон уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгжид олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг тусгасан.

Улсын Их Хурлаас 2020 онд баталсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд  цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх; цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх; хүн амыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, вакцин, эм, эмнэлгийн хэрэгслээр тэгш хүртээмжтэй хангах; үр тарианы болон хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх, газар тариалангийн ургац тасалдахаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах; экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд төрийн хяналт тавихаар тус тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж буйг онцлов.

Мөн тэрбээр, Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г боловсруулахдаа улсын төсөв, Засгийн газрын өрд дарамт үүсгэхгүй байх зарчим баримталсан бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас ажлын байрыг дэмжих зээл, хөдөө аж ахуйг дэмжих зээлийг банкуудын өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлж, Засгийн газраас хүүгийн дэмжлэг олгох, репо санхүүжилттэй зээл болон ипотекийн зээлийг банк болон Төв банкны репо санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр тооцож төлөвлөсөн.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний үндсэн зорилт нь банк, санхүүгийн байгууллагаас олгох зээлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Зээлийн батлан даалтын тогтолцоог ашиглан банкуудын эрсдэлийг хуваалцах, Засгийн газраас батлагдсан төсвийн хүрээнд зээлдэгчийн төлөх хүүгийн тодорхой хувийг хариуцан төлөх замаар зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөллөхөөр тооцсон. Түүнчлэн улсын төсөвт тусгагдан гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилтийг эрчимжүүлэх замаар эдийн засгийн идэвхжпийг бий болгохоор төлөвлөгөөнд тусгасан. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүтээн байгуулалтын төсөл болон эдийн засгийн хувьд үр ашигтай бусад төслүүдийг улсын төсөв, Засгийн газрын өрийн хязгаарт дарамт үзүүлэхгүйгээр санхүүжүүлэхээр төлөвлөснийг тодотголоо.

Цогц төлөвлөгөөнд: Ажлын байрыг дэмжих зээл /2021 он/, Ипотекийн зээл /2021-2022 он/, Репо санхүүжилтийн зээл /2021 он/-д тус бүр 2 их наяд, Хөдөө аж ахуйн зээл /2021 он/-д 500 тэрбум, Орон сууцны хорооллын дэд бүтэц /2021-2024 он/-д 1 их наяд, Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх сургалт /2021-2024 он/-д 500 тэрбум, Том төслүүдийн санхүүжилт /2021-2024 он/-д 2 их наяд, нийтдээ 10 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг тусгажээ. Ингээд Сангийн сайд Б.Жавхлан цогц төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн талаар гишүүдэд танилцуулсан юм.

Ажлын байрыг дэмжих зээл:

Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын санхүүгийн чөлөөт эх үүсвэрт тулгуурлан олгож эхлээд байна. Уг зээлийн бүтээгдэхүүн нь зээлдэгч талдаа жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, 1 жил үндсэн зээлийнхээ төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм. Засгийн газраас аж ахуйн нэгжид олгосон зээлийн хүүгийн 6 нэгж хувийг, иргэдэд олгосон зээлийн 7 нэгж хувийг хариуцан төлөх бөгөөд барьцаа хөрөнгийн дутагдалтай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд 60 хүртэлх хувийн батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан гаргаж болохоор зохицуулан хэрэгжүүлж байна.

Сангийн яам, Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зээлийн батлан даалтын сан, арилжааны 10 банк хооронд 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-д тусгагдсан “Ажпын байрыг дэмжих зээл”-ийн Санхүүжилтийн ерөнхий гэрээ”-г байгуулсан. Банкууд зээлийн хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хүлээн авч эхэлсэн. 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 4,982.1 тэрбум төгрөгийн 36.3 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 369.3 тэрбум төгрөгийг 5,525 (814 аж ахуйн нэгж, 4711 иргэн) зээлдэгчид олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг, аж ахуйн нэгжийн авсан дундаж зээлийн хэмжээ 237 сая төгрөг байна.

Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээл:

Монголбанк дэлхийн бусад улс, орнуудын төв банкуудын Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг судалж, зээлийг багцлан үнэт цаасжуулж репо нөхцөлөөр санхүүжилт олгох механизмыг 2020 оны дөрөвдүгээр улиралд нэвтрүүлсэн байна. Уг арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас 2 жил хүртэл хугацаатайгаар банкнуудад репо нөхцөлөөр санхүүжилт олгож, банкууд эцсийн зээлдэгчид 10.5 хувийн хүүтэйгээр шинээр зээл олгох, олгосон зээлийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авч байна.

2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 476.6 тэрбум төгрөгийн 2,204 зээлийн хүсэлт ирүүлснээс 221.3 тэрбум төгрөгийг 1,467 (1103 аж ахуйн нэгж, 364 иргэн) зээлдэгчид олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 150.8 сая төгрөг, аж ахуйн нэгжийн авсан дундаж зээлийн хэмжээ 158.5 сая төгрөг байна.

Орон сууцны ипотекийн зээл:

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр нь агаар, орчны бохирдлыг бууруулах үндсэн зорилгын хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах, тэдгээрийг орон сууцжуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа.

Хөтөлбөрийн хүрээнд зээл олголтын нөхцөлийг хөнгөвчилж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүг жилийн 6 хувь болгож бууруулсан. Уг зээлийг Монголбанк болон банкуудын холимог эх үүсвэртэйгээр хэрэгжүүлж байна. 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 542.8 тэрбум төгрөгийн 6,963 зээлийн хүсэлт ирүүлснээс 195.6 тэрбум төгрөгийг 2,609 зээлдэгчид олгоод байна. Иргэдийн зээлийн дундаж хэмжээ 75 сая төгрөг, үүнээс Улаанбаатар хотод олгосон зээлийн дундаж 82.6 сая, орон нутагт 54.7 сая төгрөг байна.

Эдгээр зээлийн хүүгийн дэмжлэгт 2021 онд шаардагдах зардлыг Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасны дагуу 2021 оны батлагдсан зардлын хүрээнд зохицуулалт хийж санхүүжүүлнэ. Харин 2022-2024 онд олгох хүүгийн дэмжлэгийн зардлыг Монгол Улсын 2022-2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон тухайн онуудын Төсвийн тухай хуульд тусгаж санхүүжүүлэхээр төлөвлөснийг Сангийн сайд танилцуулсан юм. Түүнчлэн Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор гаргасан үнэт цаасны төлбөрт жил бүр 5 тэрбум төгрөгийг 10 жилийн хугацаанд улсын төсвөөс төлөх бөгөөд энэ нь төсөвт харьцангуй бага ачаалал үүсгэж, ажлын байрыг дэмжих зээлд хамрагдсан, барьцаа хөрөнгийн дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд нийт 1 их наяд төгрөг хүртэл зээлийн батлан даалт гаргах нөхцөлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг сэргээх хүрээнд нийт 6.5 их наяд төгрөгийн бага хүүтэй зээл олгогдох бөгөөд Засгийн газраас 2021-2024 онуудад жилд дунджаар 70-80 тэрбум төгрөг зарцуулж, энэ нь бага хүүтэй зээл авсан аж ахуйн нэгж, иргэд, малчдад санхүүгийн дэмжлэг болж, бизнесийн хэвийн үйл ажиллагаа хангагдана гэдгийг Сангийн сайд тодотголоо.

Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг 2019 оны түвшинд хүргэж сэргээх зорилт тавьж байгаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 2021 оноос бизнесийн идэвхжил сэргэж, эдийн засгийн өсөлт 5.2 хувиас давах төсөөлөлтэй байна. Улмаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2022-2024 онд урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6 орчим хувьд хүргэхээр зорьж байна. Түүнчлэн цогц төлөвлөгөөний хүрээнд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээл олгож байгаа нь бизнесийн зардлыг бууруулж, нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамтыг бууруулахад чухал нөлөөтэй. Инфляцын түвшин дунд хугацаанд буюу 2022-2024 онд 6 орчим хувьд байхаар байгааг сайд нэмж дурдав.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он