ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮД САНГИЙН ЯАМАНД АЖИЛЛАЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 06 сарын 15


Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга, Б.Баатарзориг, Зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Ажлын албаны дарга Ц.Амартөгс болон бусад албаны хүмүүс өнөөдөр Сангийн яаманд ажиллаж, төрийн албаны шинэчлэлтэй уялдуулан хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтад Сангийн яамны удирдлагууд танхимаар оролцож бусад албан хаагчид болон Төрийн албаны зөвлөлийн ажлын албаныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ цахимаар оролцлоо.                     

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт ”Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгийн хүрээнд тухайн салбараас Төрийн албаны шинэчлэлтэй уялдуулан хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Мөн сангийн яамны төрийн албаны салбар зөвлөлийн болон яамны дотоод ажил, хүний нөөцийн бодлого үйл ажиллагааг төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдэд танилцуулсан юм.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгах, алба хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх нь төрийн албаны шинэчлэлийн гол зорилго юм. Сангийн яам энэ зорилтод нийцсэн бодлого чиглэл барьж ажиллаж байгаад талархаж байна. Түүнчлэн төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай, ил тод хүргэхэд бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч бүрэн цахим хэлбэрт шилжсэн нь цаг үеэ мэдэрч ажиллаж байгаагийн илрэл” гэв.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам ”Улс орны эдийн засаг амаргүй хүнд нөхцөлд байгаа энэ цаг үед улсын мөнгөн сан хөмрөгийг аюулгүй байлгах, олон улсад зээлжих зэрэглэлээ тогтвортой хадгалж Монгол улсын гадаад нэр хүндийг өргөн ажиллаж байгаа нь та бүхний ажлын үр дүн гэж ойлгож байна. Төрийн албаны зөвлөл Сангийн яамтайгаа хамтран хэрэгжүүлсэн төрийн албан хаагчийн цалингийн нэгдсэн систем, хүний нөөцийн удирдлагын цахим систем нь төрийн албаны шинэчлэлтэй уялдсан чухал үр нөлөө бүхий ажил гэдгийг онцолмоор байна” гэв.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэргүүтэй албаны хүмүүс Сангийн яамны албан хаагчдад төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллахыг хүслээ.

 

 

 

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он