Засгийн газрын гадаад зээлийн журам болон мэдээллийн нэгдсэн цахим системийн талаар цахим сургалт зохион байгууллаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 05 сарын 02


Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газраас Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам” болон “Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төсөл, арга хэмжээний мэдээллийн нэгдсэн сан” цахим систем (www.odamis.mof.gov.mn)-ийг танилцуулах сургалтыг 2021 оны 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд цахимаар амжилттай зохион байгууллаа. Энэхүү 2 өдрийн сургалтад төсвийн ерөнхийлөн захирагчид, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгжийн нийт 82 байгууллагын 270 гаруй төлөөлөл оролцов.

Засгийн газрын шугамаар гадаад улс, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийг хөгжлийн стратеги, бодлого, зорилт, тэргүүлэх чиглэлтэй илүү нийцүүлэх, зээлийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлагыг тодорхой болгох, төсөл арга хэмжээг төлөвлөх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийг уян хатан, шуурхай шийдвэрлэх, төсвийг үр ашигтай ашиглах боломжийг бүрдүүлэх, санхүүгийн удирдлага, хяналтыг сайжруулах, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгжийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, төслийн үйл ажиллагааны  ил тод байдлыг дээшлүүлэх, цахим системийг нэвтрүүлэх зорилгоор журмыг шинэчлэн эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн талаар  танилцууллаа.

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд шинэчлэн хөгжүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төсөл, арга хэмжээний мэдээллийн нэгдсэн сан” цахим систем (www.odamis.mof.gov.mn)-ийн зорилго, үүрэг функц, модуль, үйл ажиллагааг танилцуулж, мөн систем нь Засгийн газраас баримталж буй төрийн үйлчилгээг цахимжуулах бодлоготой уялдан, гадаад зээл, тусламжийн төсөл, арга хэмжээний үр ашгийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой  болохыг онцоллоо.  

 

 

 

 

 

 


Мэдээ, мэдээлэл






Эмгэнэл ...

2024.03.15
















САНГИЙН ЯАМ © 2024 он