ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН 2022 ОНЫ ХУДАЛДАН АВАХ  АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ТАЙЛАН 

Мэдээлэл нийтлэсэн: Хууль, эрх зүйн газар

Нийтлэсэн огноо: 2023 оны 04 сарын 07


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 49 дүгээр зүйлийн 49.7 дахь хэсэг, Сангийн сайдын 2021 оны 102 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам” /цаашид “журам” гэх/-ын 5 дугаар хэсэгт заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2022 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д нийтэлсэн төлөвлөгөө, тендер шалгаруулалтын явц, тендер шалгаруулалтын урилга, үр дүн болон гомдлын судалгаанд үндэслэн нэгтгэн дүгнэсэн болно. 

Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны 2022 оны тайлангаас үзэхэд нийт 14,611.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 30,559 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Төлөвлөлтийг худалдан авах ажиллагааны журмаар ангилан үзэхэд нийт 11,814.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 7,494 худалдан авах ажиллагааг нээлттэй тендер шалгаруулалт, 2,277.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 8,952 худалдан авах ажиллагааг тендер шалгаруулалтын онцгой журмаар,  395.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1,234 худалдан авах ажиллагааг зөвлөх үйлчилгээний журмаар,  1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 128 олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар,  122.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 12,751 худалдан авах ажиллагааг шууд худалдан авалтаар зохион байгуулахаар тус тус төлөвлөсөн байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2022 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд дараах дүгнэлтийг хүргүүлж байна. Үүнд:   

1.Цахим системд 2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт худалдан авах ажиллагааны 30 хувь буюу 5210 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй, нийт төлөвлөсөн худалдан авах ажиллагааны 9,696 буюу 77 хувь нь төлөвлөсөн хугацаандаа эхлээгүй байгаа нь худалдан авах ажиллагааны төлөвлөлт бодитой бус, төлөвлөгөөнд заасан хугацааг мөрдөж ажилладаггүй, тухайн онд хэрэгжихгүй төсөл, арга хэмжээг олноор төлөвлөж байгаа нь худалдан авах ажиллагаа хэрэгжүүлэхэд хугацаа алдах, төлөвлөлт, гүйцэтгэл зөрөх үндсэн шалтгаан болж байна;   

2.Цахим системд 2022 онд 24,573 тендер шалгаруулалтын урилгыг нийтэлснээс 23,457 тендер шалгаруулалтын үр дүн нийтэлсэн ба хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг зөрчиж тендер шалгаруулалтын үр дүнг олон нийтэд нийтлэхгүй байх, хугацаа хоцроох буюу жилийн төгсгөлд мэдээлж байна;   

3.Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээний гүйцэтгэлийн явцад гарсан аливаа зөрчлийг арилгаж, гэрээнд заасан хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангаж, гэрээний үүргээ зөрчсөн аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтын хамт тухай бүр ирүүлдэггүй;    

4.Сангийн яаманд ирсэн гомдлын дийлэнх буюу 61 хувь нь захиалагч хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэсэн хариу гарч байгаагаас дүгнэхэд үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үнэлгээг хийхдээ хууль, журмыг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр гаргах, түүнд захиалагчийн зүгээс хяналт тавихгүй байгаа нь захиалагч хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтын биелэлт хангалтгүй;   

5.Улирлын чанартай төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг төлөвлөгөөнд заасан хугацаандаа зохион байгуулахгүй байгаа нийтлэг зөрчил нь хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8 дахь заалттай нийцэхгүй байгааг анхаарч ажиллах шаардлагатай байна.  

Журмын 5.2-т зааснаар Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлогын нэгж нь 2022 оны худалдан авах ажиллагааны тайланг цахим системээр хүлээн авч 58 төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагаанд хяналт, шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлын талаарх дүгнэлт хүргүүллээ.

 

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2022 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн тайлантай  дараах холбоосоор танилцана уу.

Хавсралт файл:
Ерөнхий тайлан

Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он