“БҮРТГЭЛ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 08 сарын 23


 Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон төсвийн байгууллагуудын “Бүртгэл хөтлөлтийн улсын үзлэг”-ийг Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Аймаг, нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд 2 үе шаттай зохион байгууллаа.

 Энэхүү улсын үзлэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох дүрэм журмын хэрэгжилт болон  стандартын нэвтрэлт, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, аудит, хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээний хэрэгжилт, санхүүгийн программ хангамжийн ашиглалт, нягтлан бодогч, эд хариуцагч нарын боловсрол, ажил эрхлэлтийн байдлыг судалж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого тодорхойлох зорилготой юм.

 “Бүртгэл хөтлөлтийн улсын үзлэг”-ийг асуулгын болон ажлын байрны баримтыг шалгах замаар зохион байгуулсан бөгөөд нийт 131,765 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдахаас 72 хувь буюу 95,523 аж ахуйн нэгж, байгууллага, 6389 төсөвт байгууллага хамрагдахаас 3,410 төсөвт байгууллага хамрагдлаа.

Уг судалгаанд оролцсон 95,523 аж ахуйн нэгж, байгууллагын 94 хувийг жижиг дунд аж ахуй нэгж эзэлсэн байна. Энэ нь  нийт аж ахуй нэгж байгууллагын хөрөнгийн 2%,  борлуулалтын орлогын дүнд 10% -ийг эзэлж байна.

2019 оны эхний хагас жилийн байдлаар аж ахуйн нэгж, байгууллагын 26 хувь буюу 24,997 байгууллага Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтэй, харин төсөвт байгууллагын хувьд 2945 байгууллага буюу 86,6 хувь нь бодлогын баримт бичигтэй гэсэн дүнтэй байна.

Манай улсад санхүү нягтлан бодох бүртгэл хариуцан ажиллаж буй нийт 18,943 мэргэжлийн нягтлан бодогч байгаа бол үүний 90 хувь буюу 15,467 нягтлан бодогч аж ахуй нэгж, байгууллагад, 10 хувь буюу 3476 нягтлан бодогч төсөвт байгууллагад ажиллаж байна.

 Судалгаанд хамрагдсан аж ахуй нэгж, байгуулагын 11 хувь буюу 10,516 байгууллага санхүү, нягтлан бодох бүртгэлийн программ хангамж ашигладаг гэжээ.

Харин нягтлан бодох бүртгэлийн стандартын нэвтрэлтийн судалгааг тандалтын аргаар зохион байгуулсан ба уг судалгаанд хамрагдсан нийтийн ашиг сонирхол бүхий 8298 байгууллагын 43 хувь нь стандартыг бүрэн нэвтрүүлж ажилладаг байна.

Энэ удаагийн Бүртгэл хөтлөлтийн улсын үзлэг нь 8 жилийн дараа ийнхүү зохион байгуулагдсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хууль 2016 оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоож, нийтийн ашиг сонирхлын болон  жижиг дунд аж ахуй нэгжийг тодорхойлж, ямар стандарт мөрддөг, аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан цахим хэлбэрт шилжсэн, Засгийн газрын нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэж байгаа зэрэг бодлогын томоохон өөрчлөлтүүдийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид авч хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой ажил боллоо.

Бүртгэл хөтлөлтийн улсын үзлэгийн дүнг энэ оны 9 дүгээр сард зохион байгуулагдах Бүртгэл, санхүү эдийн засгийн ажилтны улсын YI зөвлөгөөнөөр бодлогын хэмжээнд хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

 


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он