Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 03 сарын 27


Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы (2019.03.22) нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Тус хуулийг Улсын Их Хурлаас 2005 онд батлан 2006 оноос хойш хуулийг хэрэгжүүлэх явцад үндэсний үйлдвэрлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, тендер шалгаруулалтыг олон нийтэд ил тод болгох, цахим тендерийг боловсронгуй болгох, байгаль орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих, урьдчилсан худалдан авах тогтолцоог нэвтрүүлэх, тендерт оролцогчдын гомдол гаргах ажиллагааг хариуцлагатай болгох зэрэг асуудлыг хуульчлах, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагад тулгуурлан дараах өөрчлөлтийг тусган баталлаа.

-Яамдыг тендерээс салгана. Яам өөрийн байгууллагын өдөр тутмын дотоод хэрэгцээний худалдан авах ажиллагааг зохион байгуулна. Харин бусад улсын болон бүс нутгийн чанартай төсөл арга хэмжээний тендерийг бие даасан мэргэжлийн байгууллага  зохион байгуулна.

-Дотоодын үйлдвэрийг дэмжинэ. Чанар, стандартын шаардлага хангасан дотоодын бараа, бүтээгдэхүүнд давуу эрх олгоно. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой барааны тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг тус тендерт оролцуулахгүй.

-Ил тод байдлыг нэмэгдүүлнэ. Тендерт оролцогчийн санал бусад оролцогчдод нээлттэй байх зохицуулалт хийгдсэн. Ингэснээр тендерт оролцогчид тендер шалгаруулалтын үнэлгээнд хяналт тавих боломж бүрдэнэ.

-Хар жагсаалтын үйлчлэлийг сэргээнэ. Худалдан авах ажиллагаанд оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл буюу хар жагсаалтыг хөтөлж, чанаргүй, гэрээний үүргээ биелүүлдэггүй компанийг дахин тендерт оролцуулахгүй.

-Урьдчилсан худалдан авах ажиллагааг хэрэгжүүлнэ. Олон улсын байгууллагын хөрөнгөөр хэрэгжих төслүүд УИХ-аар батлагдах хүртэл 6-12 сарын хугацаа алдаж, үүнтэй холбоотойгоор жилдээ 400-500.0 сая төгрөг үргүй зардал үүсгэдэг байсныг зогсоож УИХ-аар батлах хугацааг хүлээлгүй худалдан авах ажиллагааг урьдчилан зохион байгуулах эрх зүйн орчин бүрдлээ.

-Цахим тендер шалгаруулалтыг сайжруулна. Засгийн газрын худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлнэ. Цахим тендер зарлах, үр дүнг олон нийтэд мэдээлэх, хяналт тавих эрх зүйн орчинг хуулиар бий болголоо.

-Үндэслэлгүй гомдлыг хязгаарлах хүрээнд хариуцлагажуулна. 2018 онд 10000 орчим тендер зарласан бөгөөд тендер шалгаруулалттай холбоотой 1446 гомдол холбогдох байгууллагуудад ирсэн байна. Үндэслэлгүй гомдол, маргаан, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах нөхцлийн нэг болдог. Иймд тендерийн гомдол гаргах асуудлыг тендерийн баталгаатай уялдуулахаар боллоо.

-Байгаль орчинд ээлтэй, ногоон худалдан авах ажиллагааг нэвтрүүлнэ.  Эрчим хүч, байгалийн нөөцийн  хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай    хэрэглээний тогтвортой байдлыг хангах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах эрх зүйн орчинг хуульчиллаа.

Энэхүү Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болох юм.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он