“Монголын бондын зах зээлийн гарын авлага”-ын  нээлтийн цахим хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 04 сарын 20


Сангийн яам нь Азийн Хөгжлийн банктай хамтран 2021 оны 4 дүгээр сарын 19-нд “Монголын бондын зах зээлийн гарын авлага”-ын нээлтийн цахим хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт “Азийн бондын зах зээлийн форум”-ын гишүүн ASEAN+3 орны оролцогчид, Ази, АНУ, Европын хөрөнгө оруулагчид болон Монголын хөрөнгийн зах зээлийн оролцогчдоос бүрдсэн нийт 180 гаруй оролцогчид цахимаар холбогдон оролцлоо.

Сангийн яам нь Монгол Улсын санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжилтэй хөл зэрэгцэж, олон улсын сайн туршлага, стандартуудыг нэвтрүүлэх зорилгоор Зүүн өмнөд Азийн орнууд болон Япон Улс, Солонгос Улс, БНХАУ-ыг хамарсан “ASEAN+3 Азийн бондын зах зээлийн форум”-д гишүүн бус ажиглагч орноор 2018 оны 5 дугаар сард гишүүн улсуудын 100 хувийн дэмжлэгтэйгээр нэгдэн орсон.  

Энэхүү форумын зорилтын хүрээнд Азийн Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр гишүүн улсуудын бондын зах зээлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх, сурталчлах зорилгоор “ASEAN+3 Bond Market Guide”-ийг гишүүн улс бүр дээр эмхэтгэн гаргаж байна. Хэдийгээр энэхүү гарын авлагыг Азийн хөгжлийн банкнаас ASEAN+3 гишүүн улсуудад зориулан эмхэтгэн гаргадаг ч Сангийн яамны хүсэлтээр Азийн Хөгжлийн банкны техник туслалцаатайгаар “Монголын бондын зах зээлийн гарын авлага” (Энд дарж харна уу https://www.adb.org/publications/bond-market-guide-mongolia )-ыг 2019 оноос эхлэн Монголын хөрөнгийн зах зээлийн нийт оролцогч байгууллагуудтай хамтран  боловсруулж 2021 оны 2 дугаар сард Азийн Хөгжлийн банкны цахим хуудсанд нийтэллээ.

Энэхүү гарын авлага нь тухайн орны бондын зах зээлд (Засгийн газрын үнэт цаас, компанийн бонд гэх мэт) хөрөнгө оруулахад шаардлагатай бүхий л мэдээллийг агуулсан байдаг ба гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх, тэдэнд тогтмол шинэ мэдээлэл хүргэх чухал ач холбогдолтой юм.

“Монголын бондын зах зээлийн гарын авлага”  нь англи хэл дээрх цахим гарын авлага бөгөөд 2-3 жил тутам зах зээлийн хөгжилтэй уялдан шинэчлэгдэж байх юм. Сангийн яамны зүгээс “Монголын бондын зах зээлийн гарын авлага” -ыг дотоодын хөрөнгийн зах зээлийн оролцогчид болон хөрөнгө оруулагчдад зориулан Монгол хэл дээр орчуулан гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд удалгүй цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд нийтлэх болно.

Гарын авлага нь нийтлэг дараах зүйлсийг агуулсан байдаг. Үүнд:

- тухайн улсад мөрдөгдөж буй үнэт цаасны зах зээлтэй холбоотой хууль эрх зүйн орчин,

- татварын орчин

- зах зээлийн дэд бүтцийн систем,

- зах зээлийн талаар тоон статистик үзүүлэлтүүд, 

- зах зээл хөгжиж ирсэн түүхэн замнал,

- зах зээлд оролцогч байгууллагуудын үүрэг,

- хөрөнгө оруулагчдыг хамгаалах механизм,

- санхүүгийн хэрэгслүүд,

- үнэт цаасны төлбөр тооцоо,

- үнэт цаасны хадгалалт,

- кастодиан банк зэрэг гадаадын хөрөнгө оруулагчдыг үнэт цаасны зах зээлд оролцоход зориулсан үндсэн, зайлшгүй мэдэх ёстой мэдээллийг агуулсан байдаг.

Нэмэлт мэдээлэл:          

                  “Азийн бондын зах зээлийн форум (Asian Bond Market Forum)” нь Азийн 1997 оны санхүүгийн хямралын дараагаар Зүүн Өмнөд Азийн орнууд нэгдсэн ASEAN+3(Япон Улс, Солонгос Улс, БНХАУ)-ийн Сангийн сайд нарын санаачилгыг дэвшүүлж, гишүүн орнуудын санхүүгийн салбарын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, Азийн хөрөнгө оруулалт, хуримтлалын үр ашигтай зарцуулалтыг бий болгох зорилготойгоор АХБ-ны дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Тус санаачлагд гишүүн орнуудын санхүүгийн байгууллагуудаас гадна олон улсын шинжээчдийн бүрэлдэхүүн бүхий баг ажилладаг байна.


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он