2022 оны эхнээс төрийн хяналт шалгалтыг багасгахыг үүрэг болгов

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 12 сарын 14


Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоов
 
Төрийн байгууллагын бүтээмжийг сайжруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, бүтцийг цомхон, чадварлаг болгож иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны болон аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
 
Тогтоолын төслийг боловсруулахдаа Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал” болон “Чанарын менежментийн тогтолцооны ISO9001 стандартыг орон нутгийн захиргаанд хэрэглэх арга зүйн заавар” стандартыг баримтлан ажилласан.
 
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 35, дүүргийнх 8-21, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 8-12, сумынх 3-4 байхаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоохдоо орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан 34-46 хүртэл байхаар тогтоов.
 
Аймгийн төрийн захиргааны байгууллагуудад чиг үүргийн шинжилгээг хийж, хэлтэс, тасаг, агентлагийн хооронд чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгав.
 
Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох ажил нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил юм.
 
2022 оны эхнээс төрийн хяналт шалгалтыг багасгахыг үүрэг болгов
 
 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар бууруулах, зарим шаардлагагүй шалгалтуудыг цуцлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр үүрэг болголоо. Мөн зөвхөн эрсдэлд суурилсан, зайлшгүй хийгдэх хяналт шалгалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэхийг даалгав.
Төрийн хяналт шалгалт хэрэгжүүлэгч байгууллагууд болох Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудад хяналт шалгалтыг бууруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгож, зөвлөн тусалдаг, алдааг нь анхааруулдаг байх нь зүйтэй гэжээ.
Улс, орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хийх хяналт шалгалтыг хэвээр үргэлжлүүнэ.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он