“Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 03 сарын 25


Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт Сангийн сайд Б.Жавхлан өргөн барилаа.

Монгол Улсын Засгийн газар Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр авч байгаа арга хэмжээний хүрээнд Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Ковид-19-ийн эсрэг вакцин, шаардлагатай хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж болон дагалдах хэрэгсэл худалдан авах, шинэчлэх, хувийн хамгаалах хэрэгсэл, антиген тест худалдан авах, хүчин төрөгчийн бага оврын станц байгуулах, вакцинжуулалтын чадавхыг нэмэгдүүлэхэд зориулан авч байгаа бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж байгуулсан юм.

Өмнө нь Дэлхийн банкны санхүүжилтээр цар тахалтай тэмцэхэд зориулан Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдэд шинээр 1,000 ор дэлгэн ажиллуулах боломж бүрдүүлэх, 1,000 орчим нэр төрлийн 11,500 гаруй тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эхлүүлсэн билээ.

 

 

 

 

 

 

 

 

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он