Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 06 сарын 14


 Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг /2019.06.14/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, Төсвийн тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газраар аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 828 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 4439 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэлийг нэгтгэлээ. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг хамруулсан болно.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 10.2 их наяд төгрөгт хүрсэн нь анх удаагаа 10 их наядыг давсан үзүүлэлт боллоо. Нийт орлогоос Төсвийн тогтворжуулалтын санд 207.0 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 620.7 тэрбум төгрөгийг холбогдох хууль, журмын дагуу хуваарилсан.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 1.9 их наяд төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 9.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 717.8 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй тайлагнагдаж байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2010 оноос хойш анх удаа ашигтай гарч, 27.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. 

Засгийн газраас төсөв, санхүүгийн зохистой бодлогыг хэрэгжүүлж, төсвийг тодотгохгүйгээр мөрдүүлж, Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас гаргахгүйгээр төсвийн санхүүжилтийг бүрэн олгож, төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулсан жил болсон, мөн эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд эдийн засаг сэргэсэн, гадаад худалдааны бараа эргэлт нэмэгдсэн, тэнцэл ашигтай гарсан зэрэг эерэг үзүүлэлтүүд төсвийн гүйцэтгэлд голлон нөлөөлсөн гэж үзэж байна. 


Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2019 он