УЛСЫН САЛБАРЫН ДОТООД АУДИТОРУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Мэдээлэл нийтлэсэн: САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР

Нийтлэсэн огноо: 2020 оны 11 сарын 02


“УЛСЫН САЛБАРЫН ДОТООД АУДИТОРУУДЫН ЗӨВЛӨГӨӨН-2020” боллоо. Тус зөвлөгөөнийг улсын салбарт дотоод аудиторын үнэ цэнийг сурталчлан таниулах, улсын салбарын дотоод аудиторуудын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас санаачлан Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Нэгдсэн  зөвлөгөөнд Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагууд, яам, агентлаг, нутгийн захиргааны нийт 88 байгууллагын дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалтын нэгжийн дарга, мэргэжилтэн нийт 450 оролцогч хамрагдаж, үүнээс 190 нь цахимаар оролцлоо. Ковид-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн дагуу уг зөвлөгөөнийг улсын салбарын бүх дотоод аудитор, санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч нарт хүртээмжтэй байлгах зорилгоор цахим системээр шууд дамжуулан хүргэлээ.  

Зөвлөгөөнд улсын салбарын дотоод аудит, чанарын үнэлгээ, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг төлөвшүүлэх зорилгоор шинээр батлагдсан улсын салбарын дотоод аудитын аргачлал, чанарын үнэлгээний аргачлалыг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах тухай болон Сангийн яамнаас хэрэгжүүлж байгаа эрсдэлийн удирдлагын туршлага, олон улсын мэргэжлийн байгууллага болох Дотоод аудитын олон улсын институтаас (IIA Global) цаг үед нийцүүлэн гаргасан зөвлөмжүүдийг танилцуулсан бөгөөд уг зөвлөгөөн нь бүхэлдээ шинэлэг мэдээ, мэдээллээр дүүрэн боллоо.  

Уг зөвлөгөөнд Монголын үндэсний дотоод аудиторуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн П.Гантуул “Дотоод аудиторын ур чадварын хүрээ” сэдвээр, Монголын мянганы сорилтын сангийн Дотоод аудитын захирал, доктор  Б.Батбаяр “Дотоод аудитын нэгжийг удирдах нь”  сэдвээр, төслийн зөвлөх Ж.Жаргалсүрэн “Эрсдэлд суурилсан дотоод аудитын төлөвлөлт” сэдвээр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиунаа “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, захиргааны акт шийдвэрлэлт” сэдвээр тус тус сонирхолтой илтгэл тавив.

Түүнчлэн улсын салбарын дотоод аудиторуудын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэднийг олон улсын дотоод аудитын чиг хандлага, сүүлийн үеийн мэдээ, мэдээллээр хангах зорилгоор “УЛСЫН САЛБАРЫН ДОТООД АУДИТОР” сэтгүүлийн анхны дугаарыг энэхүү зөвлөгөөнд зориулан гаргаж, улсын салбарын дотоод аудиторууд, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт түгээж танилцууллаа.


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он