БҮРТГЭЛ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АЖИЛТНЫ УЛСЫН VI ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 09 сарын 22


Монгол Улсын Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны Улсын VI зөвлөгөөн 2019 оны 9 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, яамдын болон харьяа агентлаг, байгууллагын ажилтнуудын зөвлөгөөнөөс шалгарсан бүртгэл, санхүү, эдийн засаг, татвар, нийгмийн даатгал, банк, статистикийн албаны нийт 700 орчим төлөөлөгч оролцлоо.

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөнд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүлж, УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлт ирүүлж, Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөний үйл ажиллагаанд баяр хүргэж амжилт хүсэв.

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын санхүү, эдийн засгийн шинэчлэл, сорилт” сэдвээр үндсэн илтгэл тавьсан бол “Төсвийн шинэчлэл, сорилтууд”, “Банк-санхүүгийн хөгжлийн чиг хандлага”, “Макро эдийн засаг, статистикийн төлөв байдал, хөгжлийн хандлага”, “Нягтлан бодох бүртгэл, үнэлгээ, аудит: Шинэчлэл зорилтууд” гэсэн 4 салбар хуралдаанаар 16 илтгэл хэлэлцэв.

Зөвлөгөөнд оролцогчид Монгол улсын эдийн засаг, санхүүгийн салбарт гарсан ахиц ололтыг дүгнэж, тулгамдаж буй асуудал болон эдийн засгийн хүрээн дэх цаашдын бодлогоо тодорхойлж, сайн туршлагаа хуваалцаж, зөвлөмж гаргалаа.

Энэ удаагийн улсын VI зөвлөгөөн нь 2012 оноос хойш тасралтгүй унасан эдийн засгийн хүндрэлийг даван туулж, буцаан сэргээж байгаа сэргэлтийн мөчлөг дээр зохион байгуулагдснаараа онцлогтой боллоо.

 

 МОНГОЛ УЛСЫН БҮРТГЭЛ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН

АЖИЛТНЫ VI ЗӨВЛӨГӨӨНИЙ ЗӨВЛӨМЖ

Монгол Улсын Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны VI зөвлөгөөнд оролцогчид бид макро эдийн засаг, санхүү, бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлөвийг хэлэлцээд дараах бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг УИХ, Засгийн газар, орон нутгийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад зөвлөж байна. Үүнд:

Нэг:  Төсөв, төрийн сангийн талаар

  1. Төсвийн цахим, ил тод, үр ашигтай бодлогыг тууштай хэрэгжүүлж, сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулах, өрийн дарамтыг багасгах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг  тууштай дагаж мөрдөх;
  2. Санхүү, бүртгэл, эдийн засаг, гааль, татварын ажилтнууд ёс зүйг эрхэмлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх асуудлыг онцгойлж авч үзэх, ёс зүйн асуудлыг боловсрол, сургалтын хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх;
  3. Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжсэн татварын бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх, татварын тэгш шударга байдалыг   хангах, татвар төлөгч татварын хууль  тогтоомжийг хэрэгжүүлэхэд зардал, чирэгдэл хамгийн бага байх, татварын үйлчилгээг бүрэн цахимжуулах, иргэдийн татварын боловсролыг дээшлүүлэх;
  4. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, гаалийн хяналт шалгалтыг үр дүнтэй, түргэн шуурхай зохион байгуулах, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын  татварыг бүрэн хураах, гаалийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахимжуулах чиглэлээр гаалийн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэх
  5. Газрын төлбөр ба хөрөнгийн татвар хураалт, бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, цахимжуулах, ил тод байдлыг хангах;
  6. Төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг хөгжлийн бодлого, зорилттой уялдуулж эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөлд зарцуулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, үр ашиггүй, хуулийн шаардлага хангахгүй төсөл хөтөлбөрт төсөв хуваарилахгүй байх, төсөвт өртгийг оновчтой, бодитой тооцох, барьж байгуулсан хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, хяналтыг сайжруулж, төсвийн үр ашиггүй нэмэлт урсгал зардлыг бууруулах,
  7. Үр дүн ба нотолгоонд суурилсан төсөвлөлт, жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт зэрэг төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалыг өөрийн орны онцлогт нийцүүлэн боловсруулж, нэвтрүүлэх.
  8. Төрийн үйлчилгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй байдлаар ард иргэдэд үзүүлэх; төрийн албаны хүний нөөц, шилжилт хөдөлгөөний нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж, төрийн албан хаагчийн цалин хөлсний төлөвлөлт, санхүүжилтийг цахимжуулах;

Хоёр. Санхүүгийн салбарын талаар

  1. Санхүүгийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх,  санхүүгийн хэрэглэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн дэд салбаруудыг тэнцвэртэйгээр хөгжүүлэх, дэд салбаруудын хөгжлийн уялдаа холбоог хангах тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх;
  2. Санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих, үр ашгийг нэмэгдүүлэхүйц технологи, инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, шаардлагатай олон улсын стандарт, зарчмуудыг мөрдүүлэх;
  3. Санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг бэхжүүлж, зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авах;
  4. Хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчныг бий болгох, биржийн бус зах зээлийн зохицуулалтыг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
  5. Санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийг зохистой түвшинд хадгалах арга хэмжээг хэрэгжүүлэх;
  6. Санхүүгийн хэрэглэгчийг бодит мэдээллээр хангах, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах;
  7. Зээлийн мэдээллийн сангийн бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулж, түүнд тавих хяналтын  үр дүнг дээшлүүлэх
  8. Даатгал, бичил санхүү, батлан даалтын сангийн эрх зүйн орчныг сайжруулах;
  9. Санхүүгийн салбарын ажилчид өндөр ёс зүйг баримтлан ажиллах, ажилчдын ур чадварыг сайжруулах чиглэлээр мэргэжлийн сургалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах.

Гурав. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах талаар:

  1. Дэлхийн хөгжлийн чиг хандлага, Азийн дундаж давхрагын өсөлт, технологийн дэвшлийн хурдац, хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг  Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогод  тусган хэрэгжүүлэх,
  2. Аялал жуулчлалын цогцолборуудыг бий болгохын зэрэгцээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг иж бүрэн боловсруулах хөнгөн үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлэх, хөрш орнууд, бүс нутгийн зах зээлд эрчим хүч, бүтээгдэхүүн нийлүүлэхэд шаардлагатай суурь дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдийн засгийн бүтцийг сайжруулах бодлого хэрэгжүүлэх,
  3. Олон улсын санхүүгийн төвийг байгуулах замаар үндэстэн дамнасан, нэр хүнд бүхий, санхүүгийн хувьд өндөр чадавхтай,  хариуцлагатай олон улсын санхүүгийн байгууллагууд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж, томоохон төслүүдийн санхүүжилтэд оролцуулах,
  4. Хувийн хэвшил гүйцэтгэх боломжгүй хөгжлийн суурь дэд бүтцүүдэд улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг түлхүү чиглүүлж, харин эдийн засаг, санхүүгийн өндөр үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхдээ төсөвт дарамтгүй хэлбэрээр, хувийн хэвшлийг түлхүү оролцуулан хэрэгжүүлэх бодлого баримтлах,
  5. Хөтөлбөрт суурилсан төсөвт бүрэн шилжиж, үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлэх замаар төсөв, хөрөнгийн үр ашгийг дээшлүүлж, өрийг бууруулах бололцоог бүрдүүлэх,
  6. Бизнесийн байгууллагууд санхүүгийн зөрчлөөс ангид байж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвартай байж, үйл ажиллагааны бүтээмж, үр дүн, үр ашиг, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, шударга, нээлттэй, хэмнэлттэй, өрсөлдөөнт байх зарчмыг мөрдөж ажиллах,,
  7. Бүртгэл, санхүү, эдийн засгийн салбарын бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд статистикийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, статистик тоон мэдээллийн үнэн бодит байдал, уялдаа, чанар, ач холбогдлыг нэмэгдүүлж, иргэд олон түмний санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлж ажиллах,
  8. Эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа ч ядуурал буурахгүй байна. Цаашид нийгмийн халамжийн хөтөлбөрийг хавтгайруулж бус зорилтот бүлэгт чиглүүлэх хэрэгтэй. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, хүн амын амьжиргааг дэмжих, цалин хөлсийг өсгөж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ядуурлыг бурууулахад эмэгтэйчүүд, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх,
  9. Байгалийн нөөц баялгийн орлогоос хуримтлал үүсгэх, баялгийн сан байгуулах, уул уурхайн орлогоос иргэд хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх,
  10. Бодлого төлөвлөлтийн тогтвортой бүтэц бий болгох, эдийн засгийн бодлогын чиглэлээр нарийвчилсан мэргэжилтнүүд бэлтгэх,

Дөрөв. Нягтлан бодох бүртгэл, аудит, үнэлгээний талаар

  1. Нягтлан бодох бүртгэл, аудит, үнэлгээ, дотоод хяналт, татварын зөвлөх үйлчилгээний олон улсын стандартын хэрэглээг тууштай үргэлжлүүлж, улсын сектор, нийтийн сонирхол бүхий аж ахуйн нэгж байгууллагад бүрэн нэвтрүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх,
  2. Аж ахуйн нэгж, байгуулага бүр санхүүгийн тайлагналаас нэгдмэл тайлагналд шилжих асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх болон хөрөнгийн үнэлгээ, дотоод аудит зэрэгт  эрх зүйн орчныг бүрдүүлэх
  3. Мэргэжлийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан ёс зүйтэй мэргэжилтнийг бэлтгэх, мэргэшүүлэх болон мэргэжилтнүүдийн ёс зүйг мөрдүүлэх, хяналт тавих чиглэлээр их, дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг төрөөс зохицуулах
  4. Төрийн байгууллага, аж ахуйн нэгж бүр дижитал технологийг ажлын байрандаа бүрдүүлэх,  мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, олон улсын чиг хандлагад нийцсэн программ хангамжийг ашигладаг байх талаар мэргэжилтэн бүр анхаарч ажиллах
  5. Бүртгэл, санхүүгийн ажилтнуудыг мэргэжлийн зэрэгтэй болгож, мэргэжилтнүүдийн цалин, урамшууллын асуудлыг цогцоор шийдвэрлэх
  6. Зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газрын хөтөлбөр болгон боловсруулж, батлан хэрэгжүүлэх

Зөвлөгөөнд оролцогчид

 


Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2019 он