ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 03 сарын 10


Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг хэлэлцэж, тэмдэглэлээр үүрэг өгснийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өмчийн болон эдийн засгийн хувьд ашигтай байлгах үүднээс бүтцийн өөрчлөлт хийхээр боллоо. 2019 оны эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 компанийн нийт хөрөнгийн дүн 37 их наяд төгрөгт хүрч, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Нийт ашгийн 1.1 их наяд нь Эрдэнэт үйлдвэрээс, 440 тэрбум төгрөг нь Эрдэнэс-Тавантолгой компаниас олсон ашгаас бүрдсэн. Бусад компаниуд 230 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тиймээс эдгээр компаниудыг цаашид гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийхээр боллоо.  

Засгийн газрын тэмдэглэлээр ойрын хугацаанд төрийн болон орон нутгийн өмчит компаниуд дараах арга хэмжээ авч ажиллах чиглэлийг өгсөн байна. Үүнд:

-Стратегийн ач холбогдол бүхий, мөн тусгай үнэ тарифаар зохицуулдаг компаниудыг бодлогын хувьд харьяалах яам, хэрэгжүүлэгч агентлаг нь дэргэдээ авч явах чиглэлээр ажиллуулах,

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зөвхөн төрийн өмч талаас нь хяналтаа тавьж, бүртгэл тооцоог хийх зэрэг хяналтын институт байх нь зөв гэж үзлээ.

-Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бүх компанийн худалдан авалт, хөрөнгө оруулалтыг Тендерийн хуулиар зохицуулах, шилэн дансны хэрэгжилтийг төрийн өмчит компаниуд 100 хувь хэрэгжүүлэх,

-Төрийн өмчийн компаниудын гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд компанийн засаглалын хувьд сайжруулах тал руу нь чиглүүлж ажиллуулах,

--Засгийн газрын 43-р тогтоолыг төрийн болон орон нутгийн өмчит бүх компани хэрэгжүүлж, хэмнэлтийн горимд шилжих,

-Орон тооны зохистой түвшнийг тогтоох, оновчтой уридлагаар хангах, дарга нарын тоог цөөлөх,

-Төр 100 хувь эзэмших стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит хуулийн этгээдүүдийг тодорхойлж,  олон нийтэд ил зарлах,

-Олон жил үр ашиггүй, алдагдалтай ажилласан, хувийн хэвшлийн компаниуд үүргийг нь гүйцэтгэж болох компаниудыг Компанийн тухай хуулийн дагуу татан буулгах, нийлүүлэх, нэгтгэх процессыг эхлүүлэх,

-Хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцааг нь арилжаалах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг гаргах,

-Үйл ажиллагааны чиглэл, санхүүгийн үр ашгийг харгалзан төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн 34  хүртэлх хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлд нээлттэй хэлбэрээр арилжаалах зэрэг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо.


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он