САНГИЙН ЯАМ ОНЦЛОХ АЖИЛ-2020

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 12 сарын 31


2020 он дэлхий даяар Коронавирусын халдварт цар тахалтай тэмцсэн амаргүй жил байлаа. Сангийн яам 2020 онд  эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж улс орны эдийн засгийг сэргээх, аж ахуй эрхлэгчдийг дэмжиж ажлын байрыг хадгалах, иргэдийн амьжиргаа, орлогыг хамгаалахад чиглэсэн төсөв, санхүүгийн арга хэмжээг авч  хэрэгжүүллээ. Эдгээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаас Та бүхэнд онцлон танилцуулж байна.

Онцлох ажил-1 Монгол Улс “СААРАЛ ЖАГСААЛТ”-аас хамгийн богино хугацаанд гарлаа. Цар тахлын амаргүй үе таарсан ч, нөөц бололцоогоо бүрэн дайчилж САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ БАЙГУУЛЛАГУУД, ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУД төрийн болон хувийн хэвшлийн иргэн, хуулийн этгээдүүдтэй хамтран ажлыг өргөн хүрээнд, шуурхай зохион байгуулсан нь амжилтын үндэс байлаа.

”Саарал жагсаалт”-аас гарснаар манай улсын гадаад нэр хүнд өсөх, гадаад худалдаа, банк санхүүгийн төлбөр тооцоонд гарах саатал багасах, мөнгөн шилжүүлгийн шимтгэл буурах ашигтай нөхцөл бүрдэж байна.

Онцлох ажил-2. 2020 оны 9 дүгээр сард бага хүүтэй “Номад” бондоор өндөр хүүтэй Мазаалай, Чингис бондыг солих ажлыг амжилттай хийж, хүүгийн зардлыг буурууллаа.

Уг бондыг жилийн 5.125 хувийн хүүтэй гаргаж чадсан нь Монгол Улсын төсөв, санхүүгийн бодлого зөв, гадаад нэр хүнд өндөр байгааг нотолсон юм.

Номад бонд нь гадаад бондын хүүгийн зардлыг 2021 онд 76.1 тэрбум төгрөгөөр бууруулж, гадаад валютын нөөцийг өсгөх, валютын ханшийг тогтвортой түвшинд барихад чухал дэмжлэг үзүүлж байна.

Азийн санхүүгийн нэр хүндтэй “Finance Asia” сэтгүүлээс цар тахлын амаргүй үед “Номад бонд”-ыг амжилттай арилжсаныг үнэлж “Хөгжиж буй зах зээлийн шилдэг-2020”, “Шилдэг хөрөнгө босгосон улс -2020” шагналуудыг хүртээлээ.

Онцлох ажил-3. 2020 онд эдийн засаг болон төсөвт дарамт үүсгэхгүйгээр 1.9 их наяд төгрөгийн өр төлбөр төллөө.

Гадаад бонд арилжааны нөхцөлтэй зээлийн төлбөрт 864.1 тэрбум төгрөг төлөв. Үүнд:

- 2012.12.05-д гаргасан “Чингис” бондын хүүгийн төлбөрт 130.2 тэрбум төгрөг

- 2016.03.15-д гаргасан “Кредит свисс банкны зээлийн төлбөрт 299.9 тэрбум төгрөг

- 2016.04.06-д гаргасан “Мазаалай” бондын хүүгийн төлбөрт 153.2 тэрбум төгрөг

- 2017.03.09 -д гаргасан “Хуралдай” бондын хүүгийн төлбөрт 153.9 тэрбум төгрөг

- 2017.10.26-д гаргасан “Гэрэгэ” бондын хүүгийн төлбөрт 126.9 тэрбум төгрөг

Хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл төлбөрт 585.9 тэрбум төгрөг төлөв. Үүнд

- АХБ 63 зээлийн төлбөрт 251.8 тэрбум

- Дэлхийн банкны 45 зээлийн төлбөрт 67.1

- Японы улсын 21 зээлийн төлбөрт 106.5 тэрбум төгрөг

- БНХАУ-ын 23 зээлийн төлбөрт 83.5 тэрбум төгрөг

- Бусад улсуудын 65 зээлийн төлбөрт 77.0 тэрбум төгрөг

Дотоод бондын төлбөрт 420.1 тэрбум төгрөг төлөв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны 10-р сард байгуулагдсанаас хойш нийт 9.9 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулжээ.

Онцлох ажил-4. Цар тахалтай амаргүй энэ цаг үед Монгол Улс зээлжих зэрэглэлээ “В”, “тогтвортой” хэвээр хадгалж чадлаа.

Дэлхийд тархсан цар тахлын улмаас олон улс орны эдийн засаг унаж, төсвийн алдагдал өсөж байгаа хэдий ч Монголын эдийн засаг богино хугацаанд сэргэж, төсөв, санхүүгийн үзүүлэлтүүд нь сайжирна гэсэн нааштай төсөөллийг зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд хийжээ.

Онцлох ажил-5. Хөгжлийн банк Сангийн яамны мэдэлд шилжиж ирсэн энэ оны 4-р сараас эхлэн банкны хяналт, сахилга, хариуцлагыг сайжруулах, чанаргүй зээлүүдийг төлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, бүтцийг оновчтой болгох, ил тод, ашиг сонирхлын зөрчилгүй банк болгох зорилт тавин ажиллалаа. Ингэснээрээ:

-Бүтцийг оновчтой болгож, тэргүүн дэд, дэд захирал, ахлахуудын орон тоог цомхотгож, ажил үүргийн давхцлыг арилгаж, орон тоог 144-өөс 104 болгож, 2 охин компанийг татан буулгалаа;

-Үр ашиггүй зардлыг танаж, 2020 онд 7.2 тэрбум төгрөг хэмнэлээ;

-Чанаргүй гэж тооцогдож байсан 6 зээлийг бүрэн төлүүллээ.

-Зээлээ огт төлдөггүй байсан 27 ААН-ээр 32,5 тэрбум төгрөг төлүүллээ.

-Зориулалтын дагуу зарцуулаагүй 17 зээлийг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.

Онцлох ажил-6. Цалингийн нэгдсэн системийг нэвтрүүллээ. Төрийн сангаас цалин хөлсийг төрийн албан хаагчийн дансанд шууд шилжүүлэх системтэй болсноор төрийн албан хаагчдын тоо, бүртгэл цэгцэрч, цалин хөлстэй холбоотой санхүүгийн зөрчил буурах нөхцөл бүрдлээ.

Нэгдсэн төсвийн урсгал зардлын 20% болох цалингийн зардлыг бүрэн хянах боломжтой боллоо.

Онцлох ажил-7. Дэлхий даяар цар тахалтай, хил хаалттай үед гадаад хамтын ажиллагааг идэвхтэй явууллаа.

Ковид-19 нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж бэлэн байдлыг хангах, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн санхүүжилтийг шийдвэрлэх, вакцин, вакцинжуулахтай холбоотой болон Монгол улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах зэрэг зорилгоор хоёр талт болон олон талт 94 удаагийн уулзалтыг цахимаар зохион байгуулж оролцон, нийт 46 гэрээ, хэлэлцээрийг байгууллаа.

Онцлох ажил-8. Төрийн банк цар тахлын үед төрийн үйлчилгээг иргэд, ААН-дэд түргэн шуурхай үзүүлж, зээлдэгчдээ дэмжсэн арга хэмжээг авч хэрэгжүүллээ:

-Нийт 12 төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 нэгж хувиар буурууллаа.

-Цар тахалтай холбоотойгоор 57,217 зээлдэгчийн 624 тэрбум төгрөгийн зээлийн бүтцэд өөрчлөлт орууллаа.

-Цар тахлын үеэр банкны 98 831 карт үнэ төлбөргүй өгч, төрөөс хэрэгжүүлж буй хүүхдийн мөнгө, халамж, тэтгэвэр олгох ажлыг халдвар тархах эрсдэлгүйгээр зохион байгуулах, зээлийн хугацааг сунгах, хүүг нь бууруулах зэрэг харилцагчдаа дэмжсэн ажлуудыг үр дүнтэй хийлээ.

2020 онд Төрийн банк чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, хямд эх үүсвэр гадаад зах зээлээс татах замаар 35.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа.

Онцлох ажил-9. Монгол Улсын Төсвийн нээлттэй байдлын үнэлгээгээр 2020 онд Open Budget Partnership олон улсын байгууллагын судалгаагаар 15 улс орноор урагшилж 41-р байранд жагслаа.

Үүнд “Иргэдийн төсөв товхимол”, Төсвийн гүйцэтгэлийн сар, улирлын мэдээ, жилийн эцсийн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хамрах хүрээ, агуулга сайжирсан нь чухал нөлөө үзүүлсэн юм.

Та бүхэн илүү дэлгэрэнгүйг: https://www.internationalbudget.org/.../cou.../2019/mongolia хаягаас сонирхоно уу.

Онцлох ажил-10. Ковид-19 цар тахлын хүндрэлтэй цаг үед иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, бизнесийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн болон хэсэгчлэн төрөөс хариуцан төлөх зэрэг дараах багц арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүллээ. Үүнд:

-Хувийн хэвшилд ажиллаж буй 989.4 мянган иргэдийн цалингаас 198.9 тэрбум төгрөгийн орлогын албан татварыг 2020 оны 4-10 сарын хооронд чөлөөллөө;

-Энэ оны 4-10 сард 570 мянган иргэний 566.8 тэрбум төгрөгийн НДШ-ийг бүрэн, 10-12 сард 148.7 тэрбум төгрөгийн шимтгэлийг хэсэгчлэн төрөөс хариуцаж төллөө;

-Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой 104.4 мянган аж ахуйн нэгжүүдийг 2020 оны 4 дүгээр сараас он дуустал 78.9 тэрбум төгрөгийн орлогын албан татвараас чөлөөллөө;

-Төрийн шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого нь 50 хувиас дээш буурсан боловч ажлын байраа хадгалж үлдсэн 7,284 аж ахуйн нэгжид 4-7 саруудад хадгалсан ажлын байрны тоогоор тус тус 200,000 төгрөг олголоо;

-Түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдэд 2020 оны 2 дугаар сараас татварын хөнгөлөлт үзүүлсний үр дүнд 3,368 түрээслэгчийн 18.9 тэрбум төгрөгийн түрээсийн зардал хэмнэгдлээ

-Энэ оны 2 дугаар сараас хойш 356.2 мянган иргэд, аж ахуйн нэгжийн 876 тэрбум төгрөгийн татварын өрт ногдох алданги, торгуулийг чөлөөллөө;

-6,100 аж ахуйн нэгж, байгууллагын 14.4 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн торгууль, алдангийг чөлөөллөө;

  • Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах зорилгоор 15 мянган тонн улаан буудайн элит үр, 160 мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тос импортлоход 24.3 тэрбум төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө.

Онцлох ажил-11. Цар тахлын эсрэг Засгийн газраас 2020 онд нийт 2.4 их наяд төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, хүүхдийн мөнгө болон халамжийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он