“МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 02 сарын 07


 Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрт 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

 “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар гэсэн 14 аймгийн 150 сумдад болон Улаанбаатар хотод хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд баруун 7 аймгийг шүлхий, бог малын мялзан зэрэг гоц халдварт өвчингүй бүс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын төв лабораториудыг олон улсын түвшинд хүргэх, төсөл хэрэгжих нийт аймгуудын мал эмнэлгийн лабораторийг сайжруулах, сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх, улс даяар нийт малын эмч нарыг чадавхжуулах, ажлын байраар хангах, мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллах юм.  

Уг төсөл хэрэгжсэнээр малын гоц халдварт өвчний тохиолдлыг хамгийн багадаа 25 хувиар бууруулах, мах, сүүний гарцыг 15 хувиар нэмэгдүүлэх, 20,000 малчдыг шууд хамруулах, малын үнэ цэнийг 20 хувиар нэмэгдүүлэх зэрэг үр дүн гарах бөгөөд мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малын үр шимийг нэмэгдүүлэх, эспортын зах зээлийг өргөжүүлэх, малчдын амьжиргааг сайжруулах суурь нөхцөлийг бий болгох ач холбогдолтой.

Манай улс 2013-2017 оны хооронд Дэлхийн банкны 11.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор гэсэн 5 аймгийн 15 суманд амжилттай хэрэгжүүлж, малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй шууд холбох, мал сүргийн үржлийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээнд голчлон анхаарсан бөгөөд тус төсөлд 14.0 мянга орчим малчид хамрагдаж, малчдын мах, сүү, ноос, ноолуураас олох орлого дунджаар 78 хувиар нэмэгдсэн байдаг.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он