Ч.Хүрэлбаатар: Өрийн дарамт их хэвээр байгаа ч цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 09 сарын 06


Боловсролын салбарын цалингийн асуудал сүүлийн хэдэн өдөр олны анхааралд орж байна. Засгийн газраас ямар бодлого баримталж байна вэ?

 - У.Хүрэлсүхийн Засгийн газар цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан  нэмэх бодлого баримталж байгаа. Цаашдаа ч цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэх нь зөв гэж үзэж байгаа. Инфляцийн түвшнээс илүү хувиар нэмэхээр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсөх эрсдэлтэй. Ийм гашуун туршлага урьд өмнөх олон Засгийн газарт тохиолдож байсан. Сангийн яамны хувьд эдийн засгийн бодлогыг зөв явуулах, үр дүнг нь эерэг байлгахын тулд цаашдаа юмны үнэнд нөлөөлөх нөлөөллийн тооцоо судалгааг маш нарийн хийсэн. Энэ тооцоо судалгааны үр дүнд инфляцийн түвшинтэйгөө уялдуулаад жил болгон нэмээд явах нь хамгийн зөв арга гэдэг нь тодорхой болсон. Хэрвээ инфляци нэмэгдэхгүй бол цалин нэмэхгүй байж болно. Инфляцаа алдчих юм бол төрийн албан хаагчдын бодит орлого буурах учраас түүнтэй уялдуулаад нэмэгдүүлэх ёстой гэдэг зарчмаар асуудалд хандаж байна. 2014 онд төрийн албан хаагчдын цалинг багахан хэмжээгээр нэмж, 2013, 2015, 2016 онд нэмээгүй, 2017 онд нилээд хэл амтайгаар урамшуулал олгосон. Бас Засгийн газрын өр өндөр болсон, энэ өрийг татвар төлөгчдийн татвараар төлж байгаа үед өр тавьж цалин нэмэхгүй гэдэг байр суурь барьж байна.

-    Та бол инфляцийн түвшинтэй уялдуулна гэж байна. Нөгөө талд МҮЭХ, ажил хаясан багш нар бодит тоо, амлалт хүсээд байна л даа?

- Цалин нэмэхтэй холбоотой асуудлуудыг бид нилээд судлаж, ярьж байж шийдсэн. Инфляцийн түвшнээс илүү хувиар, төсвийн орлогын хэмжээтэй уялдуулахгүйгээр нэмбэл эдийн засагт үзүүлэх сөрөг үр нөлөө нь их болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өр тавьж цалин нэмнэ л гэсэн үг.

Өр ямар хэмжээний дарамт учруулдгийг бид өөрсдөө мэдэж байгаа шүү дээ. Зээл авч бизнес эрхэлдэг, зээл аваад хүүхдээ сургуульд сургаж байгаа хүмүүс хүүгийн төлбөрт баригдаж ямаршуухан дүр зурагтай юм болдгийг бид бүгд мэдэж байгаа. Яг түүнтэй адил асуудал улс дээр байж байгаа л хэрэг.

Миний санаж байгаагаар 2011 оны төсвийн гүйцэтгэлийг харж байхад Засгийн газар авсан зээлийнхээ хүүд 37 тэрбум төгрөг төлж байсан. Гэтэл намайг Сангийн сайдын ажлыг авч байх үед зээлийн хүүд 1.3 их наяд төгрөг төлж байсан. Нийт ахмадуудад олгодог тэтгэвэр, мөн халамжаар олгодог тэтгэмжүүд бүгд нийлээд 1.7 их наяд төгрөг байдаг. Тэгэхээр тэтгэвэр, тэтгэмж, халамжтай тэнцүү хэмжээний мөнгийг зөвхөн зээлийнхээ хүүд төлж байсан. Үүнийг буулгаад, өндөр хүүтэй арилжааны зээл авахаа болиод төсвийн сахилга батыг сайжруулаад явж байна. Засгийн газрын өр өндөр байгаа үед өр нэмж цалинг нэмэгдүүлж болохгүй биз дээ. Үүнээс гадна Улаанбаатар хотын утаа, хүрэлцэхгүй байгаа сургууль, цэцэрлэг, улс орны дэд бүтцийг барих зэрэг олон асуудлыг шийдэх ёстой. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгож байгаа олон хүн байгаа гэж би итгэж байгаа.

- Засгийн газар цалин үүнээс илүү нэмж чадахгүй гэдэг бэрхшээлээ хэллээ ч ажил хаялт үргэлжилж байна. Тэгэхээр дахиж хэлэлцээ хийх болов уу?

- Сангийн яам тэр гурван талт хэлэлцээрийн оролцогч тал биш хэдий ч талууд ойлголцох шаардлагатай нь тодорхой. Мөн өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайн ойлгомоор байна. Өрийн дарамтаас гарахаар ажиллаж, чармайж байгаа өнөөдрийн хувьд бид байгаа бүх боломжоо дайчлан ажиллаж байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байна. 

- Цалин нэмэхгүй гэчхээд үргүй зардал их гаргалаа гэдэг шүүмжлэлийг хэлэх хүмүүс бий. Төрийн удирдлагын орон тоог цөөлөх зэргээр хэмнэлт гаргаад цалин нэмэх боломж бий юу?

- Цалинг 50 хувиар нэмэхэд үндсэндээ нэг их наяд төгрөг шаардлагатай гэсэн үг. Ийм их мөнгөний эх үүсвэрийг зөвхөн хэмнэх замаар гаргах боломжгүй. Цалин нэмэх чинь зөвхөн ганц жилийн нэг удаагийн асуудал биш. Энэ жил нэг их наядыг нэмлээ гэхэд дараа жил дахиад нэг их наяд төгрөг гаргах шаардлагатай болно. Ингээд арван жилээр аваад  үзэхэд арван их наяд төгрөг хэрэгтэй. Ийм хэмжээний мөнгө гаргах төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох учиртай. Иймд орлого, зарлага, төсөвт учруулах дарамтаа зөв бодитой тооцож байж аливаа зардлыг нэмэгдүүлэх учиртай.

Засгийн газар төрийн албан хаагчдаас гадна Монголын нийт 3.2 сая хүнийхээ эрх ашгийн төлөө ажилладаг. Хувийн хэвшилд өнөөдөр сая гаруй хүн ажиллаж байна. Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн ажиллах таатай орчинг бий болгож чадвал тэнд ажлын байр нэмэгдэж, цалин хөлс, орлого нь нэмэгддэг. Тэгэхээр Засгийн газрын хувьд хөрөнгө оруулах таатай орчинг бүрдүүлж, эдийн засгийн эрүүл орчинг бий болгох бодлогыг тууштай авч хэрэгжүүлэх учиртай. Жишээ нь, Монгол Улсын зээлжих  зэрэглэл нэмэгдэж байж л ханш тогтворжиж, хүү буурдаг, хөрөнгө оруулалт нэмэгддэг. Зээлжих зэрэглэл нэмэгдсэнээр дотоодын бизнесменүүд бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжтой болно. Зээлжих зэрэглэл унаад байвал бизнесийн эрсдэл нь улам нэмэгдэж үйл ажиллагаа нь хумигддаг.  Товчхондоо эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүдээ сайжруулах шаардлагатай л гэсэн үг юм аа.

-    Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмбэл их наяд төгрөг болно гэлээ. Төрийн албан хаагчдын цалингийн сан нийт хэдэн төгрөг байдаг вэ?

-    Төрийн албан хаагчдын нийт цалингийн сан одоо хоёр их наяд орчим байгаа. Үүний 50 хувь гэхээр нэг их наяд болно. Мэдээж цэрэг, цагдаа, онцгой албаныхан гээд бүх л төрийн албан хаагчдын цалинг нэмнэ шүү дээ. Нэг хэсгийн цалинг нэмээд бусдыг нь нэмэхгүй байж болохгүй ш дээ.

- Төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн урамшууллыг цалингийн нэмэгдэл болгосон гэж ойлгож болох уу?

- Тийм. Төрийн албан хаагчид, эрүүл мэнд, боловсролын салбарынхан ч гэсэн нэг удаагийн биш цалин нь тогтвортой нэмэгдэх эх үүсвэртэй байх нь чухал гэж үзэж байсан. Тэгэхээр урамшуулал биш үндсэн цалинг жил бүр инфляцтай уялдуулан нэмэх нь зөв гэдэг талаар маш олон хүн байр сууриа илэрхийлж байсан. Тухайн үед илэрхийлэгдэж байсан маш олон байр суурийг би маш тод санаж байна. Урамшууллыг эсэргүүцсэн байр суурь нь давамгайлж байсан даа.  

- Та Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн нь боломжийнхоо хэрээр хийсэн алхам гэж байна. Ер нь нөхцөл байдал ямар байгаа вэ?

- 2012-2016 онд Монгол Улсын өрийн хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн өсөлт эрс саарч, төгрөгийн ханш маш ихээр унасан. Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдэх хэмжээ ДНБ-ий 80 хувьд болоод байсан юм.  Одоо эдийн засгийн өсөлт нэмэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн алдагдал буурч, төсвийн сахилга бат нэмэгдэж байна. Засгийн газрын өрийн хэмжээ 2018 онд ДНБ-ий 60 орчим хувь болж буурч байна. Өөрөөр хэлбэл өрийн дарамт буурч байна. Гэхдээ ДНБ-ий 60 хувьтай тэнцэхүйц өр гэдэг бол өрийн хэмжээ их байгаа л гэсэн үг юм. Ер нь өрийн хэмжээ нь ДНБ-ий 40%-аас их бол өрийн дарамт байна гэж үздэг.  Зорилтот 40% уруу орохын тулд бид дахиад гурав, дөрвөн жил энэ зөв бодлогоо тууштай явуулах шаардлагатай байгаа.

- Сөрөг хүчний зүгээс давж биелсэн төсвийн орлогыг цалин нэмэгдүүлэхэд зарцуулсангүй гэх шүүмжлэл хэлж байсан удаатай. Төсвийн давж биелсэн орлого хаашаа яваад байна вэ?

- 2018 оны төсвийг 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай, Сангийн яам 1.4 их наяд төгрөгийн зээл авах эрхтэйгээр баталсан. Төсөв угаасаа алдагдалтай тул бид давсан орлогыг алдагдалтай төсвийн “нөхөөсөнд”, зээл авахгүйгээр зардлыг санхүүжүүлэхэд зарцуулж байна. Өөр нарийн ширийн нууц зүйл байхгүй л дээ.

Энгийнээр тайлбарлавал, 500 мянган төгрөгийн орлоготой, 1 сая төгрөгийн зарлагатай өрхийн орлого 200 мянган төгрөгөөр нэмэгдээд 700 мянга болчихлоор нэмэгдсэн 200 мянгаа үрэх гээд гүйгээд байж болохгүй шүү дээ. Учир нь угаасаа өрхийн зардал чинь 1 сая төгрөг тул авах зээл нь 500 мянга биш 300 мянга болж буурч байна аа л гэсэн үг.   Манай төсөв яг л ийм л дүр зурагтай байгаа юм.

-    Сая нэмсэн цалингийн нэмэгдлийн асуудлаар ОУВС-тай тохиролцсон гэж ойлгож болох уу?

 - Манайх чинь 2017 оны эхээр өрөө төлж чадахаа байгаад хандив цуглуулж эхэлсэн шүү дээ. Мөнгө гуйж олон газраар яваад мөнгө олдохгүй болохоороо ОУВС-д хандсан нь бодит үнэн шүү дээ. Эдийн засгийн бодлого нь зөв болоогүй тохиолдолд хэн ч мөнгө өгөхгүй. АНУ, Солонгос, Япон, Хятад ОУВС-гийн хөтөлбөргүйгээр мөнгө өгөхгүй. Яагаад гэхээр Засгийн газар эдийн засгийн буруу бодлого явуулаад байвал өгсөн мөнгө нь эрсдэлд орно гэж үзнэ. ОУВС-гийн хөтөлбөрийг хүрээнд Засгийн газар эдийн засгийн бодлогоо засах тодорхой амлалт өгч байж хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр хамтраад тодорхой нөхцөл тавиад тодорхой зорилгын төлөө явж байгаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй харилцан ойлголцох учиртай. Тэгэхгүйгээр мөнгийг нь авчихаад амласан зүйлээ хийдэггүй хулхи зан гаргаж болохгүй шүү дээ. Цалин нэмэх тал дээр бид ойлголцсон. Цаашид ч инфляцийн түвшинтэй уялдуулж өр нэмэхгүйгээр нэмж байхаар ярилцсан. Монгол Улс дэлхийн том орнууд, ОУ-ын банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллана.  Бидний харилцаа өнөөдрөөр дуусахгүй. Тиймээс ОУВС-тай хамтарч ажиллаж байгаа тохиолдолд зөвшилцөж, асуудалд харилцан хүндэтгэлтэйгээр хандаж явах нь зүйтэй л гэж үзэж байна.

 

 

Үндэсний шуудан сонин, 2018.09.06


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он