“Дотоодын бондын зах зээлийн хөгжил“ сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 04 сарын 02


Сангийн яам болон Азийн Хөгжлийн Банк хамтран “Дотоодын бондын зах зээлийн хөгжил“ сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тус яаман дээр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болон зах зээлд оролцогчдоос бүрдсэн нийт 80 гаруй төлөөлөл оролцож, дотоодын мөнгөн тэмдэгтээр бонд гаргах замаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засагт хэрхэн сайнаар нөлөөлөх талаар Азийн бусад орнуудын жишээ, туршлагыг хуваалцаж, саналаа солилцлоо.

Монгол Улс нь Азийн бондын зах зээлийн санаачилгад (Asian Bond Market Initiative) гишүүн бус ажиглагч орноор 2018 оны 5 дугаар сард албан ёсоор нэгдэн орсон билээ. Энэхүү санаачилгын хүрээнд Азийн хөгжлийн банк нь гишүүн орнуудын бондын зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, гишүүн орнуудын зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилладаг юм. Эдгээр ажлуудын нэг нь гишүүн улс орнуудын бондын зах зээлийн хөгжлийг дэмжих, гадны хөрөнгө оруулагчдыг тухайн улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор гишүүн улс тус бүрээр Бондын зах зээлийн гарын авлагыг эмхэтгэн гаргадаг байна.

Сангийн яам нь энэхүү арга хэмжээний үр дүнд Азийн хөгжлийн банктай хамтран Монголын бондын зах зээлийн гарын авлагыг боловсруулах ажлыг эхлүүлж байгаа бөгөөд тус гарын авлагыг эмхтгэн гаргах нь зах зээлийг гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой болох юм.

 

Тус арга хэмжээний илтгэлийн материалуудыг дараах холбоосоор татаж авна уу.

 

 

Хавсралт файл:
workshop presentation

Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он