МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ЗАРЛАГА БА ХАРИУЦЛАГЫН ҮНЭЛГЭЭ  (ЦУВРАЛ - II)

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 10 сарын 13


ХОЁРДУГААР БҮЛЭГ: ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

ТЗСХ-ын үнэлгээний “Төсөв, санхүүгийн ил тод байдал” бүлэг нь төсөв, санхүүгийн удирдлагын мэдээлэл иж бүрэн, тогтвортой бөгөөд хэрэглэгчдэд хүртээмжтэй эсэхийг үнэлдэг. Үүнийг төсвийн бүрэн ангилал болон төсвийн шатлал хоорондын шилжүүлэг, төрийн үйлчилгээний үр дүнгийн талаар хэвлэн нийтэлсэн байдал, төсвийн бодлого, төсвийн баримт бичгийн хүртээмжтэй байдал зэрэг бүх орлого, зарлагын ил тод байдлыг хэр хангаж байгаагаар үнэлнэ.

Монгол улсын хувьд төсөв, санхүүгийн үйл ажиллагааг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан ил тод, нээлттэйбайдлаар олон нийтэд хүргэх, түүнд иргэд олон нийт тавих хяналтын тогтолцоог бүрдүүлсэн, түүнчлэн гарсан бүр зардал (Хөгжлийн банк, концесс, нийгмийн хамгааллын арга хэмжээ, Ирээдүйн өв сан г.м)-ыг төсөвлөж Засгийн газрын санхүүгийн жилийн тайланд нэгтгэдэг  зэрэг нь энэхүү бүлгийн ерөнхий үнэлгээ суурь түвшнээс дээгүүр үзүүлэлттэй гарахад нөлөөлсөн байна. Тэгвэл төрийн үйлчилгээний чанар, хүрэх үр дүнг бодитоор тодорхойлж, төсвийн баримт бичигт тусгадаггүй, төсвийн хэрэгжилтэд явцын үнэлгээ хийх тогтолцоо бүрдээгүй зэрэг нь тус бүлэг дэх нэг шалгуур үзүүлэлтийн дүн суурь түвшнээс доогуур үзүүлэлттэй гарахад нөлөөлсөн байна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ: ХӨРӨНГӨ, ӨР ТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА

ТЗСХ-ын үнэлгээний “Хөрөнгө, өр төлбөрийн удирдлага” бүлэг нь Засгийн газрын хөрөнгө, өр төлбөрийн удирдлагын үр дүнтэй байдал, улсын хөрөнгө оруулалтын өгөөжийг хангаж байгаа эсэх, хөрөнгийн бүртгэл, удирдлага, төсвийн эрсдэлийг тодорхойлох, өр, баталгааг зохистой төлөвлөх, батлах, хяналт тавих байдлыг үнэлнэ.

Хөрөнгө оруулалтын удирдлага, түүний хяналтын тогтолцоо, түүнчлэн Засгийн газрын өрийн удирдлагын тогтолцоо сайжирсан нь үнэлгээ өсөхөд нөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч санхүүгийн болон санхүүгийн бус хөрөнгө, өр төлбөрийн талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнах үйл ажиллагаа дутмаг байгааг тайланд дурдсан байна.

 

 


САНГИЙН ЯАМ © 2024 он