МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР “ЧИНГИС БОНД”-ЫН ТӨЛБӨРИЙГ 100% ТӨЛЖ БАРАГДУУЛЛАА. МӨН “САМУРАЙ БОНД”-ЫН ТӨЛБӨРИЙГ ХУГАЦААНААС НЬ НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ БҮРЭН БАРАГДУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙРШУУЛААД БАЙНА.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2022 оны 12 сарын 06


“Монгол Улсын Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг хугацаанд нь төлж өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлж байна.

2012 оны 12 дугаар сард гаргасан МУ-ын анхны гадаад үнэт цаас болох “Чингис бонд”-төслийг 10 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж эхний 5 жилийн хугацаатай, 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларыг 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр төлж барагдуулсан бол дараагийн 10 жилийн хугацаатай , 5.125 хувийн хүүтэй 1.0 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ын төлбөрийн үлдэгдэл болох 136.8 сая ам.долларыг 2022 оны 12-р сарын 05 өдөр төлснөөр хугацаанд нь бүрэн төлж дууслаа.

Чингис бондын зарцуулалтын хувьд нийт эх үүсвэрийн 12.6 хувийг дотоодын арилжааны банкуудаар дамжуулан хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарт зээл хэлбэрээр аж ахуйн нэгжүүдэд олгосон бол 24.0 хувийг  эрчим хүч, хүнд үйлдвэрлэл, барилгын салбарын томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд, үлдсэн 63.4 хувийн эх үүсвэрийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төмөр зам, авто зам, инженерийн дэд бүтэц, уул уурхайн олборлолт, хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор тус тус зарцуулсан. 

Мөн Хөгжлийн банк 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5%-ийн хүүтэй 30.0 тэрбум иенийн “Самурай” бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тус бондын үндсэн төлбөрийг ирэх онд буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх хуваарьтай.  

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 2022 оны 01 дүгээр улирлаас эхлэн Монголбанкан дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулаад байна. “Самурай” бондын үндсэн төлбөр болох 30.0 тэрбум иен нь өнөөгийн ханшаар нийт 751.5 тэрбум төгрөг бөгөөд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр бондын үндсэн төлбөрийг бүрэн төлөх боломжтой болж байршуулаад байна. 

Монгол Улсын Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 795.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна. Үүнээс 707.5 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн. 2022 оны эцэс гэхэд зээлийн эргэн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөж байна.

Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар Гэрэгэ, Номад болон Сенчури өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд олон улсын хэд хэдэн санхүүгийн салбарын шагналыг авсан. Үүний нэг нь “Finance Asia”-ийн “Азийн шилдэг хөрөнгө оруулалт босгосон орон” шагнал юм.

Ийнхүү Монгол улс бондуудын төлбөрөө хугацаанд нь төлж олон улсын санхүүгийн зах зээл дээрх нэр хүндээ өсгөсөнөөр  хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж Монгол Улсын Засгийн газрын олон улсад дахь нэр хүндийг өсгөх эерэг нөлөөтэй юм.

 

 

 


САНГИЙН ЯАМ © 2024 он