Түүхэн замнал

 

 

Монгол ардын нам, Ардын түр Засгийн газрын гишүүдийн 1921 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хамтарсан хурлаар Дотоод, Цэргийн, Сангийн зэрэг 3 яамыг байгуулж, Сангийн бөгөөд эдийн засгийн хэргийг Ардын түр Засгийн газрын дарга Д. Чагдаржавт хавсруулан эрхлүүлээд, Монголын үндэсний хувьсгалын ялалтыг хангахад шаардлагатай санхүү, эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх үүрэг оноосон байна.

Тус яамнаа байгуулагдсан Хоол, хүнсний хэлтсийн эрхэлсэн түшмэлээр Л. Лосол нар томилогдон ажиллаж, санхүү, аж ахуй, худалдааны чиглэлээр холбогдох нормативуудыг гаргах, албан хаагчдын цалин хэрэглэлийн дүрэм, гааль, түрээс хураах дүрэм, гадаад худалдааны гэрээ боловсруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж иржээ.

Ардын журамт цэрэг Улаан армийн хамт Нийслэл хүрээнд орж ирсэний дараа 1921 оны 7 дугаар сарын 9-нд МАН-ын Төв хорооноос Ардын түр засгийн газрыг өргөтгөн байгуулж, засгийн дээд эрхийг төвлөрүүлэх шийдвэр гаргаснаар Засгийн газар Гадаад, Цэргийн, Сангийн, Дотоод, Шүүх гэсэн 5 яамтайгаар зохион байгуулагдсан. Сангийн яамны тэргүүн сайдаар С. Данзан, дэд сайдаар О. Жамъян, эрхэлсэн түшмэлээр О. Гочийтский нарыг тус тус томилсон байна.

Сангийн яам нь үүссэн цагаасаа хойш улсын үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, улсын орлого, зарлагатай холбогдсон бүхий л чухал асуудлыг ардын төрийн санхүү, эдийн засгийн шинэ бодлогод нийцүүлэн явуулах, удирдан хөтлөхөд үйл ажиллагаагаа чиглүүлж, гааль, татвар, санхүүгийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоог бий болгон төлөвшүүлж, хөгжүүлэн боловсронгуй болгож иржээ.

1924 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын дэргэд эдийн засгийн зөвлөл байгуулсан ба зөвлөл нь аж ахуй, санхүүгийн бодлогыг улсын хэмжээнд нэгтгэн явуулахад онцгой анхаарч, аж ахуйн үйл ажиллагааны гүйцэтгэлийг бүртгэн судлах, улс орны эдийн засгийн ойрын ирээдүйн хөгжлийн төлөвийг тодорхойлох талаар идэвхийлэн ажиллаж байжээ.

Эдийн засгийг нэгтгэн удирдах шаардлага улам өсч ирснийг харгалзан Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 106 дугаар тогтоолоор Улсын төлөвлөгөөний комиссыг байгуулсан байна. Улсын төлөвлөгөөний комисс нь жил, таван жилийн төлөвлөгөө, улмаар 10-20 жилийн хугацааны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төсөөлөл, үндсэн чиглэлийг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байжээ. 1988-1992 онд Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороо, Нийгэм, эдийн засгийн улсын хороо, Үндэсний хөгжлийн яам нэртэйгээр зохион байгуулагдаж байгаад 1992 онд Монгол улсын Засгийн газрын үндсэн бүтцэд Үндэсний хөгжлийн газрыг байгуулсан байна.

1940-1960 онуудад санхүүгийн албаны үйл ажиллагаанд санхүүгийн төлөвлөлтийг улс төрийн эдийн засгийн бодлогын гол цөм болгож ирсэн өмнөх үеийн туршлага, журмыг түшиглэж, УААА-н салбаруудыг бүртгэл, тооцооны нэгдсэн журамд бүрэн хамруулсан юм.

Өнгөрсөн хугацаанд манай улсын санхүү, эдийн засгийн байгууллага нь эх орныхоо “шинэ нийгэм” байгуулах, эдийн засгийн хүчин чадлыг бэхжүүлэн хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг оновчтой хуваарилж, зохистой харилцааг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд улс орны эдийн засгийн хөгжлийн тодорхой үе шатуудад байнга хөгжин сайжирч, боловсронгуй болсоор ирсэн юм.

Өнөөдөр Монгол улсын СЭЗЯ нь 1992 онд байгуулагдсан Үндэсний хөгжлийн газрын үүрэг, функцыг бүтэцдээ нэгтгэсэн бөгөөд өмнөө тавигдаж буй макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, үзүүлэлтүүдийг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлага, санхүүжилтийг хэмнэлттэй зарцуулах, санхүүгийн хяналтыг хүчтэй болгож, төсвийн алдагдлыг багасгах, татвар, гааль, төсөв, зээл, тусламжийн бодлогоор дамжуулан эдийн засагт нөлөөлөх нөлөөллөө дээшлүүлэх, олон улсын санхүү, бүртгэлийн жишгийг нэвтрүүлэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх тэргүүн ээлжийн алхмуудыг амжилттай хийж байна.

 

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХ

Монгол ардын Түр засгийн эрх баригчид Монгол Ардын Төв Хорооны дарга ба гишүүд 1921 оны 3-р сарын 24-нд хамтран хуралдаж Засгийн олон яамдыг байгуулах, хоол хүнсний явдлыг сайжруулах аливаа бараа зүйлийг бүртгэх тухай зэрэг асуудал хэлэлцээд, Дотоод, Цэрэг, Сангийн зэрэг 3 яамыг байгуулжээ.

Ийнхүү Сангийн бөгөөд эдийн засгийн яамны эрхэлсэн түшмэлд Д.Чагдаржав /1921.03.16-1921.04.16 хүртэл/-ыг томилжээ. Ингээд Сангийн яамны эрхэлсэн түшмэлийн албанаа, худалдаа хэлтэсийн түшмэл Д.Лосолыг томилсон шийдвэр өнөө хэр олдоогүй боловч 1921 оны 4-р сарын 19 гэхэд Д.Лосол сайдын үүргийг гүйцэтгэж эхэлжээ.

1921 оны 11-р сард Сангийн бөгөөд Эдийн засгийн яамыг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яам гэж нэрлэн Ардын засгийн газрын 21, 23 дугаар хурлаар тус яамны зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд тус яам нь ерөнхий хэлтэс /3 салаатай/, нягтлан бодох хэлтэс /2 салаатай/ ажил тэжээлийн хэлтэс /бэлтгэлийн юм агуулах, хөсөг ачааны 3 салаатай/, үйлдвэр боловсруулах хэлтэс, улсын баялгийг бадруулах /боловсруулах/ хэлтэс, мөнгөн санхүү, гааль түрээсийн хэлтэс/ мөнгөн ба ерөнхий, албан гувчуурын, хөдөлшгүй хөрөнгөнөөс түрээс хураах, улсын хөрөнгийг хадгалах, мөнгөнөөс бусад зүйлийг хураах/ 6 салаатай бүгд 6 хэлтэс, 14 салаа, бүгд 4771 лангийн цалингийн фондтой ажиллах болсон байна.

1923 оны эхээр Монгол ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатар нас нөгчисний дараа 2-р сарын 27-нд МАН-ын Төв Хорооны шийдвэрээр Сангийн яамны сайд С.Данзанг Бүх цэргийн жанжнаар томилж, 4-р сарын 6-нд ююсангийн яамны сайдын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Сангийн яамны сайд С.Данзангийн оронд Засгиййн 1923 оны 6-р хурлаас Б.Доржийг Сангийн яамны сайдын албанаа томилжээ.

Улсын төсвийн орлого, зарлагыг төгрөгөөр илэрхийлсэн байдлыг авч үзвэл:

болсон байна.

Сангийн яам 1924-1925 онд өөрийн харьяа гаалийн албыг бэхжүүлэх, дотоодын гаалийг хорогдуулах чиглэлээр чухал алхам хийжээ.

Улсын төсвийн орлого, зарлага өсч эхэлсэн нь улс төрийн эдийн засгийн бодлогын хувьд эмиссийн үндэсний бодлого явуулах санхүү мөнгөний бүх тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцож, үндэсний зах зээл,нийт мөнгөний эргэлтэд үндэсний мөнгөн тэмдэгтээр хяналт тавих, зохицуулалт хийх замаар Ардын засгийн эдийн засгийн суурь үндсийг бэхжүүлэхийг аяндаа шаардах болсон байна.

1924 оны 12-р сард Ардын Засгийн газрын 44-р тогтоолоор аж ахуйн яам шинээр байгуулагдан Сангийн яамны Баялагийг бадруулах хэлтэс түүнд шилжив. Аж ахуйн яам нь Сангийн яамны Баялагийг бадруулах хэлтсийн эрхлэн гүйцэтгэж байсан худалдаа, үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан, ой мод, уул уурхай зэрэг салбаруудыг хариуцах болжээ.

Энэ үеэс Сангийн яам нь гагцхүү санхүү-төсөв, зээлийн асуудал хариуцах болсон юм.

Улсын анхдугаар их хурлын төлөөлөгч Өлзийтийн Бадрахыг МАН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн 48-р хурлаас Сангийн яамны сайдын албан тушаалд томилсон байна.

Засгийн газраас 1924 оны 6-р сард гарсан шийдвэрийн дагуу Сангийн яамны дэргэд гаалийн нягтлан бодохын түр сургуулийг 40 сурагчтайгаар, гаалийн хэлтсийн удирдлагын дор байгуулав. Гаалийн түр сургууль байгуулагдсан нь тус оронд үндэсний санхүү бүртгэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх анхны арга хэмжээ болсон юм.

Сангийн яамны харьяа нягтлан бодохын түр сургууль нь 1935 онд санхүү, эдийн засгийн техникум болон өргөжжээ.

Ардын засгийн газрын 1925 оны 2-р сарын 22-ны өдрийн хуралдаанаар Монголын Худалдаа Аж Їйлдвэрийн банкнаас мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах асуудал хэлэлцээд “Банкны дэвсгэртийг гүйлгээнд гаргах онц эрхийг Монголын худалдаа аж үйлдвэрийн банкинд олгохын хамт цаас нь мөнгөний нэгж болох төгрөгөөр гаргагдана… Банкны тэмдэгтийг улсын бүх албан татвар, гааль болон бусад төлбөрүүдэд, түүнчлэн энгийн хүмүүсийн хооронд төлбөрт өгч авалцахад заавал хэрэглэнэ.” гэж заасан байна. Монгол, Зөвлөллт улсын Сангийн яамдын хувь нийлүүлсэн байгууллага болох Монголын худалдаа аж үйлдвэрийн банк 1925 оны 12-р сарын 9-ний өдөр үндэсний анхны мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасан байна.

1930 оны 12-р сарын 12-нд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 32-р хурлаас батлан мөрдүүлсэн “БНМАУ-ын Сангийн яамны дүрэм”-ийн 2-т, Сангийн яам нь Засгийн газарт шууд захирагдаж өөрийн явуулсан ажлыг хянуулах ба өөрийн ажил явууллагад Засгийн газрын ба бусад дээд газруудын заавар тушаалуудыг баримтлан явуулна, 9-д Сангийн яамны үндсэн зорилт болбоос тус улсын санхүүгийн хүчнийг нийгэм журмын байгуулалтыг зүй зохистойгоор хөгжүүлэхийг төлөвлөснийг бат нот болгохын учир бататгах ба хөгжүүлэх хэргүүд болно гэж заажээ.

1925 оны 2-р сарын 3-нд Тус улсын эдийн засгийн хэргийг эрхлэх туйлын газар болох Эдийн засгийн зөвлөлийг Сайд нарын Зөвлөлийн дэргэд БНМАУ-ын II их хурлаар анх нээн байгуулж, даргаар нь Амгааг сонгов гэжээ.

Эдийн засгийн зөвлөл 1925-1932 он хүртэл ажиллаж, энэ хугацаанд Амгаа, Амар, Гомбожав, Нанзад, Жигжиддорж нар удаа дараалан даргаалж иржээ.

Зөвлөл нь тэргүүлэгч 1, боловсронгуй гишүүн 1, нарийн бичгийн дарга 1, туслах түшмэл 2, жинхэнэ бичээч 2, орос үсгийн машины бичээч 1-тэйгээр ажлаа явуулж иржээ.

1932 онд БНМАУ-ын 17-р онц бага хурлаар ардын аж ахуйг хоршоолон хамтаржуулах үндсэн дээр Эдийн засгийн зөвлөлийг Сайд нарын зөвлөлийн дэргэд Улсын төлөвлөх, тэгшитгэх, Улсын тоо бүртгэлийн газар болгон өөрчлөн байгуулж, даргаар нь Дугаржавыг сонгов гэжээ.

1940 оны 5-р сарын 24-нд Сайд нарын зөвлөлийн 21-р тогтоолоор Сайд нарын зөвлөлийн дэргэд Улсын төлөвлөх, тэгшитгэх, Улсын тоо бүртгэлийн газрыг Сайд нарын зөвлөлийн дэргэд Төлөвлөгөө, тоо бүртгэл, хянан шалгах газар болгон өөрчлөн багуулж, даргаар нь Сайд нарын зөвлөлийн 2-р орлогч дарга байсан Жамсранг томилов гэжээ.

Тус газар нь 5 хэлтэстэй, 16 орон тоотойгоор 1940 оноос 1945 оны II сар хүртэл Жамсран, Сэрээтэр, Лхагважав, Жагварал нар удаа дараалан даргалан ажиллаж байжээ.

УЛСЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОМИСС

БНМАУ-ын Улсын төлөвлөгөөний комисс нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комисс нэртэйгээр Монгол улсын 35 он буюу 1945 оны 11-р сарын 23-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 106 дугаар тогтоолоор байгуулагджээ.

Ийнхүү Улсын төлөвлөгөөний комисс байгуулагдахын өмнө “Төлөвлөгөө тоо бүртгэлиийг хянан шалгах газар” гэж байсан нь Улсын төлөвлөгөөний комиссын зарим үүргийг гүйцэтгэж байсан байна.

1. Улсын төлөвлөгөөний комиссын эрхэлдэг байсан гол ажлууд:

А/ улс ардын аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөг зохиох;
Б/ тус улсын дотор тоо бүртгэлийг эрхлэн явуулах;
В/ тус улсын бүх эд хогшил, материал, үнэ бүхий зүйлийн фондыг бүртгэх, хуваарилах, тэдгээрийг зөв зарцуулахад хяналт тавих;
Г/ улс ардын аж ахуйн төлөвлөгөөний биелэлтэд болон нам, засгийн гаргасан бүх тогтоол шийдвэрийн биелэлтэд үргэлжийн хяналт шалгалт тавьж байхаар заажээ.

Улсын төлөвлөгөөний комисс нь 1945 онд байгуулагдахдаа дор дурдсан анги, хэлтэс, тасаг, хэсэгтэй байлаа.

1. Нэгдсэн төлөвлөгөөний хэлтэс
2. Мал аж ахуй, газар тариалангийн хэлтэс
3. Үйлдвэр, тээвэр, холбооны хэлтэс
4. Их барилгын хэлтэс
5. Худалдаа бэлтгэлийн хэлтэс
6. Хөдөлмөр цалингийн хэлтэс
7. Соёл боловсрол, эрүүлийг хамгаалах хэлтэс
8. Улс ардын аж ахуйн бүртгэлийн хэлтэс
9. Тусгай хэлтэс
10. Хянан шалгах хэсэг
11. Ерөнхий хэлтэс
12. Нарийн бичгийн дарга нарын анги зэрэг 12 нэгжтэй байгуулагджээ.

Эдгээрээс 1953 онд ерөнхий хэлтэс нь Засгийн газрын аж аж ахуйд нэгдэж, улс ардын аж ахуйн бүртгэлийн хэлтэс нь 1958 онд “Улсын тоо бүртгэлийн газар” болж өргөжөөд 1960 онд Улсын төлөвлөгөөний комиссоос салсан, тусгай тасаг нь 1961 онд татан буугдаж түүний үүргийг нарийн бичгийн дарга нарын анги гүйцэтгэдэг болжээ.

Улсын төлөвлөгөөний комисс байгуулагдснаас эхлэн Жагварал 1945 оны 9-р сараас 1945 оны 11-р сар, Ю.Цэдэнбал 1945 оны 11-р сараас 1947 оны 11-р сар, Майдар 1947 оны 11-р сараас 1953 оны 6-р сар, Цэнд 1953 оны 8-р сараас 1959 оны 4-р сар, Моломжамц 1959 4-р сараас 1960 оны 4-р сар, Рагчаа 1960 оны 4-р сараас 1969 оны 1-р сар, Ринчинпэлжээ 1969 оны 1-р сараас 1972 оны 12-р сар, Содном 1972 оны 12-р сараас 1984 оны 12- сар, Жасрай 1984 оны 12-р сараас ………………. хүртэл ажиллаж байжээ.

 

 

 

САНГИЙН ЯАМ © 2024 он