Зарим улсуудын хэрэгжүүлж буй макро эдийн засгийн бодлого

Мэдээлэл нийтлэсэн: Эдийн засгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2018 оны 02 сарын 26


АНУ: АНУ-ын эдийн засаг 2017 оны эцэст 2.5 хувиар, хэрэглээний үнийн индекс 2.1 хувиар өссөн байна. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас хойш бодлогын хүүг 2015 оны 12 дугаар сард анх удаа нэмэгдүүлж байсан бол  2017.03.22-нд 0.25 нэгжээр, 2017.06.14-нд 0.25 нэгжээр тус тус нэмэгдүүлж 1.25 хувьд хүргээд байна.

Ажилгүйдлийн түвшний хувьд 2018 оны 1 дүгээр сарын гүйцэтгэлээр 4.1 хувьтай гарч, түүхэн доод түвшинд хэвээр хадгалагдаж байгаа ба татварын шинэчилсэн бодлогын (татвар бууруулах) нөлөөгөөр хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг эрчимжих, гадаад худалдааны алдагдал нэмэгдэх төлөвтэй байгаа зэргээс 2018 оны 2 дугаар сард ХНС-гийн шинэ тэргүүнээр томилогдсон Джером Пауэлл энэ онд бодлогын хүүг 4 удаа, ирэх онд 2 удаа өсгөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

 

ЕВРОПЫН ХОЛБОО: Европын Холбооны гишүүн 28 улсын улирлын нөлөөг арилгасан бодит ДНБ-ий өсөлт 2017 оны эцэст 2.6 хувиар өссөн байна. Харин хэрэглээний үнийн индекс 2017 оны 12 дугаар сард 1.7 хувь, ажилгүйдлийн түвшин 7.3 хувь болж буурсан байна.

Европын Төв банкны мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг  0 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн ч 2018 онд бондын худалдан авалтаа бууруулахыг зарлаад байна.

Мөн Их Британийн Засгийн газар ЕХ-той цаашид харилцаагаа үргэлжлүүлэхийн тулд БРЕКСИТ-ийн төлбөр болох 40 тэрбум еврог төлөх бэлтгэлийг хангаж байна.

 

ЯПОН: Япон улсын эдийн засаг 2017 оны 4 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өслөө. Токио 2020 олимпын наадамтай холбоотойгоор Засгийн газар зардлаа нэмэгдүүлсэн болон Японы Төв банкнаас хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын нөлөөгөөр дотоодын эрэлт сайжирсан нь эдийн засаг ийнхүү өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид үзсэн байна. Мөн 2017 оны 4 дүгээр улиралд иен чангарсан ч гэсэн бараа, үйлчилгээний экспорт 10 гаруй хувийн өсөлт үзүүлсэн байна.

Японы Засгийн газраас 2019 оны 10 сар хүртэл хэрэглээний татварыг нэмэх асуудлыг хойшлуулсантай холбоотойгоор цалин болон үнийн түвшин харьцангуй тогтвортой байхаарбайна. Японы төв банкнаас инфляцийн зорилтот түвшинг 2 хувьд хэвээр үлдээхээ мэдэгдсэн бөгөөд  богино хугацааны бодлогын хүүгээ -0.1 хувьд, Японы Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөжийг 0 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.  Улирлын нөлөөллийг арилгасан, хэрэглээний үнийн индекс 2017 оны 12 дугаар сард 101.2 (2015=100) болж, өмнөх сараас 0.2 хувь, өмнөх оны мөн үеэс 1.0 хувиар өссөн байна.

БНХАУ : БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны урьдчилсан тооцоогоор ДНБ-ий өсөлт (зэрэгцүүлэх үнээр) 2017 онд 6.9 хувь болсон байна. Хэрэглээний үнийн индекс 2017 оны 12 дугаар сард 104.5 (2015=100) болж, өмнөх сараас 0.3 пунктээр өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний 11 сард 3,759.8 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 911.1 (20.9%) тэрбум ам.доллараар буурсан байна.

ОХУ : ОХУ-ын эдийн засаг 2017 онд 1.5 хувь өсөж, сүүлийн 3 жилд анх удаа өсөлт үзүүллээ. Үүнд Европын холбооноос олон төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортыг хориглосонтой холбоотойгоор дотоодын үйлдвэрлэл сэргэсэн болон газрын тосны үнэ өсөж баррел нь 70 ам.долларт хүрсэн зэрэг нь голлон нөлөөлжээ.

Хэрэглээний үнийн индекс 2015 оны 8 дугаар сараас саарсан байна. ОХУ-ын бонд, үнэт цаасны төлөв бусад шилжилтийн эдийн засагтай болон газрын тосонд суурилсан эдийн засагтай орнуудтай харьцуулахад харьцангуй сайн байгаа тул төв банк бодлогын хүүгээ бууруулах нөхцөл бүрдэж байна.


Бодлого, чиглэл

САНГИЙН ЯАМ © 2024 он