ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ  2018 ОНЫ ТАЙЛАН

Мэдээлэл нийтлэсэн: Хууль, эрх зүйн газар

Нийтлэсэн огноо: 2019 оны 04 сарын 05


Засгийн газрын 2018 оны худалдан авах ажиллагааны тайланг нэгтгэн дүгнэж, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ.  

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2018 онд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланд үндэслэн журмын 3 дугаар хавсралтад тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээг хийлээ. Улсын хэмжээнд 2018 оны худалдан авах ажиллагааны хуулийн хэрэгжилт нийт 75 хувь буюу “Хангалттай” гэсэн үнэлгээ авсан байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2018 оны худалдан авах ажиллагаанд өгсөн үнэлгээний дүнгээр Орхон аймгийн Засаг дарга 93.3 хувь буюу “Маш сайн”,  Батлан хамгаалахын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайдын ажлын алба, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Авлигатай тэмцэх газрын дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн багц,  Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын Засаг дарга нар, 80-89 хувь буюу “Сайн”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга, Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Ховд аймгийн Засаг дарга нар, Шадар сайд, Улсын ерөнхий прокурор, Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндэсний статистикийн газрын дарга, Шүүхийн ерөнхийн ерөнхий зөвлөлийн дарга, Ерөнхий аудитор нар 60-79 хувь буюу “Хангалттай”, Барилга хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрчим хүчний сайд, Сонгуулийн ерөнхий хорооны дарга нар 40-59 хувь буюу “Хангалтгүй” үнэлгээ тус тус авсан байна.

Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2018 онд нийт 2,211.1 /хоёр их наяд хоёр зуун арван нэг/ тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж, нийт 1,589,9 /нэг их наяд наян найм/ тэрбум төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулж ажилласан байна. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх шинээр эхлэх төсөл, хэмжээнд 766.2 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд 659.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож гүйцэтгэл 86.1 хувьтай байсан болно.


Иргэдийн төсөв

САНГИЙН ЯАМ © 2024 он