Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2020 оны 08 сарын 14

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр (2020.8.14) Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгааг Сангийн сайд танилцуулав.
Дэлхий даяар эрчимтэй тархаад байгаа коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал нь Монгол Улс төдийгүй дэлхийн бусад орны нийгэм, эдийн засагт урьдчилан таамаглаагүй хохирлыг үзүүлээд байгаа билээ. Уг нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2020 оны макро эдийн засгийн төсөөлөл анх тооцон төсөвт тусгаж байснаас өөрчлөгдөхөөр байгааг төслийн танилцуулгад дурдлаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас төсвийн орлого оны эцэст төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл үүсэж байгаа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнд өөрчлөлт оруулах, ач холбогдлоор нь эрэмбэлэх замаар төсвийг дахин хуваарилах зайлшгүй шаардлагыг үүсгээд байгаа юм.
Төсвийн тодотгол хийх шаардлага, үндэслэлд суурилан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх, цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжид шийдвэрлэх зарчмыг баримталжээ. Түүнчлэн экспортыг далайцтай нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх, цахим шилжилтийг хурдасгах, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх зарчмыг баримталсан.
Шаардлагатай өөрчлөлтүүдийг Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголд тусгахад нэгдсэн төсвийн нийт орлого 2,170.7 тэрбум төгрөгөөр буурч 10,729.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт зарлага 704.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 14,577.5 тэрбум төгрөг болох ба төсвийн нийт тэнцэл -3,848.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -9.9 хувьтай тэнцэх юм.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан юм.
Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 1,023.5 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгрт хүрчээ. Энэ нь төлөвлөснөөс 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцсэн.
Мөн Монгол Улсын 2019 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 8.0 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 623.9 тэрбум төгрөгөөр буюу 8.5 хувиар давж, улсын төсвийн зарлага 9.3 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр төлөвлөснөөс 111.5 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар бага байгаа юм. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлийг 1,317.5 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнаж байгааг төслийн танилцуулгад дурдлаа.