Монгол улсын эдийн засгийн төлөв байдал

Мэдээлэл нийтлэсэн: Эдийн засгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2018 оны 02 сарын 26


Дотоодын нийт бүтээгдэхүүн

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” -ийн хүрээнд төсвийн сахилга батыг сайжруулж, нэгдмэл байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

 

Хүснэгт. ДНБ-ий хэмжээ болон өсөлт

 

Гүйцэтгэл

 

Урьд

Төсөөлөл

2014

2015

2016

2017

2018

2019

2020

Нэрлэсэн ДНБ (тэрбум төгрөг)

22,227

23,150

23,935

27,167

30,662

34,383

38,019

ДНБ-ий бодит өсөлт (хувиар)

7.9

2.4

1.2

5.1

5.0

6.3

5.0

    Уул уурхайн ДНБ-ий бодит өсөлт

19.4

14.1

0.2

-6.9

0

8.2

9.9

    Уул уурхайн бус ДНБ-ий бодит өсөлт

5.0

-1.0

1.6

9.0

6.3

5.8

3.7

Эх үүсвэр: СЯ, ОУВС

 

Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт харьцангуй нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна. Үүнээс гадна уул уурхайн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт 2018-2020 онд үргэлжлэн хэрэгжсэнээр уул уурхайн салбарын өсөлт 2018 онд 0 хувь, 2019 онд 8.2 хувь, 2020 онд 9.9 хувьд тус тус хүрэхээр төсөөлөгдөж байна. Уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр уул уурхайн бус ДНБ-ий хэмжээ 2018 онд 6.3 хувиар, 2019 онд 5.8 хувиар, 2020 онд 3.7 хувиар тус тус өсөхөөр байна.

 

Дэлхийн эдийн засгийн өсөлт дунд хугацаанд харьцангуй тогтвортой байх хандлагатай байгаа нь эрдэс бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлж байна. Гэсэн хэдий ч БНХАУ болон зарим хөгжингүй орнууд нүүрсний хэрэглээнээс татгалзаж, хэрэглээгээ бууруулах бодлого баримталж байгаа тул нүүрсний үнэ 2018-2020 онд 2017 оны үеэс буурч болзошгүй байна.

2. Төлбөрийн тэнцэл

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд манай улсад олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 тэрбум орчим ам.долларын санхүүжилтийг олгохоор төлөвлөсөн бөгөөд уг эх үүсвэрийг төсвийн нөхцөл байдлыг сайжруулахаас гадна төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад зарцуулна. Тус хөтөлбөрийг цаашид  тууштай хэрэгжүүлж, макро эдийн засгийн орчноо тогтворжуулснаар, дунд хугацаанд төлбөрийн тэнцлийн эрсдэл бага байна.

Дунд хугацаанд зээлийн үйлчилгээний төлбөр нэмэгдэхээр хүлээгдэж байна. Түүнчлэн уул уурхайн болон дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй холбоотойгоор импортын хэмжээ өсөж урсгал тэнцлийн алдагдал нэмэгдэхээр байна. 

“Оюу Толгой” ХХК гүний уурхайн бүтээн байгуулалт, бусад уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалттай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөрөнгө санхүүгийн дансны ашиг нэмэгдэхээр төсөөлж байна.

2018 оны 1 сард Чингис бонд /500 сая ам.доллар/-ын үндсэн төлбөрийг төлж барагдуулсан ба 2018-2019 онд Дим Сам бонд /1 тэрбум юань буюу 161.2 сая ам.доллар, Кредит Свиссээс авсан зээл /300 сая ам.доллар/ зэрэг зээлүүдийн төлбөрийг төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэх шаардлагатай байна.

 

 3. Гадаад худалдаа

Дэлхийн зах зээл дээрх нүүрсний эрэлт 2018 онд буурах хандлагатай байгаагаас нүүрсний экспортын орлого бага зэрэг буурахаар байна. Харин Оюутолгой ордын баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж нийт экспортын хэмжээ 2018 онд 1.8 хувиар өсөж 6.3 тэрбум ам.доллар болохоор байна. Уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажил үргэлжлэн явагдахтай холбоотойгоор импортын хэмжээ өсөж, 2018 онд 4.8 тэрбум ам.долларт хүрэхээр байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 онд 11.2 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа бол гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.доллар болохоор байна.

 

График. Гадаад худалдаа, 2017 оны урьдчилсан гүйцэтгэл, 2018-2020 оны төсөөлөл, тэрбум ам.доллар

Эх үүсвэр: СЯ

*хүлээгдэж буй гүйцэтгэл

**төсөөлөл

 

4. Инфляци

ОУВС-тай хамтран баталсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсөв, мөнгөний уялдаатай, зохистой бодлого хэрэгжүүлснээр макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд хангагдаж, инфляци зорилтот түвшинд байхаар байна. Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт нэмэгдэхээр байгаа нь эрэлтийн гаралтай инфляцийг өдөөхөөр байгаа тул, Засгийн газраас бизнесийн орчныг сайжруулах, нийлүүлэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байна.

 

5. Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч  Индикаторын Мэдээ, 2018 оны  1 дүгээр сар

Нэгдсэн Түрүүлэгч Индикатор нь эдийн засаг ойрын ирээдүйд ерөнхий чиг хандлагатай харьцуулахад хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах зорилготой. Монгол Улсын НТИ-ыг Үндэсний Статистикийн Хорооноос зарласан Монгол Улсын 2017 оны III улирлын ДНБ болон бусад макро эдийн засгийн үзүүлэлтүүд, Монголбанкнаас гаргасан 2017 оны III улирлын Арилжааны банкуудын улирлын зээлийн тайлан болон бусад 2017 оны 12 дугаар сарын мэдээллийг ашиглан шинэчлэн тооцоолов.

Нэгдсэн түрүүлэгч индикатор нь 2016 оны 1 дүгээр улиралд ёроолын цэгтээ (97.58 нэгж) хүрснээр Монголын эдийн засгийн уналт дуусч, сэргэж эхлэх дохио өгч байсан. Үүнээс 2 улирлын дараа буюу 2016 оны 3 дугаар улиралд Монгол Улсын бизнесийн мөчлөг ёроолын цэгтээ хүрч (бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт -1.4 хувь) сэргэх төлөвтөө орсон байна. 2017 оны 12 дугаар сарын байдлаар Нэгдсэн түрүүлэгч индикатор 102.17 нэгжид хүрээд байгаа нь эдийн засгийн өсөлт нэмэгдэх төлөвтэйг харуулж байна. 

Энэхүү өсөлтөд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, нийт гадаад худалдааны эргэлт, экспорт, импортын хэмжээнд гарсан өөрчлөлт голлох нөлөөг үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалтын дотогшлох урсгалын нөлөөгөөр эдийн засагт сэргэлт бий болж байна.

 

 

Монгол Улсын бизнесийн мөчлөг (цэнхэр тасалдсан зураас) болон Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (улаан тасралтгүй зураас)[1]

 

[1] Нэгдсэн түрүүлэгч индикаторыг 2018 оны 1 дүгээр сарын Үндэсний статистикийн хороо, Монголбанкны сарын бюллетень зарлах үе буюу 2018 оны 2 дугаар сарын сүүлийн 7 хоногт шинэчлэн тооцоолох болно


Бодлого, чиглэл

САНГИЙН ЯАМ © 2024 он