Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар
Нийтлэсэн огноо: 2025 оны 10 сарын 23
Эдийн засгийн өсөлтийн хурд өмнөх оны мөн үеийн орчимд хадгалагдлаа. ДНБ нэрлэсэн дүнгээр 40 их наяд төгрөгт хүрч 8.8 хувиар, бодит дүнгээр 15.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсөв. Хөдөө аж ахуйн салбарын 35.6 хувийн өсөлт улирал дамнан хадгалагдаж, барилга, боловсруулах үйлдвэрлэл сэргэсэн нь эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн бол уул уурхай, тээвэр, худалдааны салбар эдийн засгийн өсөлтийн эрчмийг сулрууллаа.
2025 оны эхний хагас жилд хаваржилт тогтуун байж, мал төллөлт, бойжилт хэвийн үргэлжилсний дүнд мал аж ахуйн үйл ажиллагаа сэргэн, хөдөө аж ахуйн салбар 36 хувиар өсөж, эдийн засгийн өсөлтийг 3.6 нэгж хувиар дэмжив. Мөн Улаанбаатар хотын орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж болон Багахангай-Хөшгийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын голлох нөлөөгөөр барилгын салбар 2025 оны эхний хагас жилд 25 хувиар өслөө. Түүнчлэн барилга угсралт, их засварын ажлын өсөлтийг дагасан төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн үйлдвэрлэл болон зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг металлын хүдэр олборлох үйл ажиллагааны идэвхийг дагаж тэсэрч, дэлбэрэх химийн бодисын үйлдвэрлэл нэмэгдсэнээр боловсруулах салбар сэргэж, эдийн засгийн өсөлтийг дэмжлээ.
Харин дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурснаас үүдэн нүүрс олборлолтын хэмжээ өмнөх оноос 11 хувиар буурсан бол зэсийн үнийн өсөлт, Оюу толгойн гүний уурхайн олборлолт өмнөх оны мөн үеэс 32 хувиар нэмэгдсэнээр уул уурхайн салбар 1.1 хувиар өслөө. Тус салбарыг дагасан тээврийн салбар, тэр дундаа авто замаар тээвэрлэх нүүрс тээврийн орлого буурсны голлох нөлөөгөөр нийт тээврийн салбарын өсөлт 12.5 хувиар агшиж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлалаа. Экспортын нүүрс тээврийн зай багассан нь авто тээврийн салбарын шатахуун зарцуулалтыг бууруулж, үүнээс үүдэн бөөний болон жижиглэн худалдааны салбарын шатахууны борлуулалт буурснаар тус салбар эхний хагас жилд 5.7 хувиар агшлаа.
Эрэлт талаас эдийн засгийн өсөлтийг хөрөнгө оруулалт, өрхийн хэрэглээний тэлэлт дэмжсэн бол экспортын бууралт өсөлтийг саарууллаа. Ажиллагчид нэмэгдэж, ажилгүй иргэдийн тоо буурснаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.5 нэгж хувиар өсөж, 59.1 хувьд хүрч нэмэгдсэнээр өрхийн нэрлэсэн орлого өсөхөд нөлөөлж, өрхийн хэрэглээг дэмжив. Харин үнийн өсөлтийн нөлөөгөөр өрхийн бодит орлогын өсөлт удааширлаа. Хөрөнгийн хуримтлалын өсөлтөд малын зүй бус хорогдол өмнөх оны мөн үеэс буурч биологийн өсөж үрждэг хөрөнгийн нөөц 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлөв. Мөн орон сууц болон бусад барилга байгууламжийн нөөц өссөн нь хөрөнгийн хуримтлалыг дэмжлээ. Бараа, үйлчилгээний импорт сүүлийн 2 жил тасралтгүй 20 гаруй хувиар бодитоор нэмэгдэж байсан нь 1.5 хувь болж буурсан, мөн бараа, үйлчилгээний экспорт 4.5 хувиар буурсан нь эдийн засгийн өсөлтийг саарууллаа.
Импортын өсөлт саарсан ч экспорт буурснаар урсгал дансны алдагдал тэллээ. Импорт өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өссөн ч эдийн засаг, үйлдвэрлэлийг дэмждэг аж үйлдвэрийн орцын болон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийн импорт буурсан байна. Харин экспортын орлого өмнөх оны мөн үеэс 16 хувь буураад байна. БНХАУ-ын коксжих нүүрсний олборлолт нэмэгдсэнээс гадна гангийн томоохон үйлдвэрүүд коксжих нүүрсний эрэлт буурсан нь манай улсын нүүрсний экспортын хэмжээнд сөргөөр нөлөөллөө. Мөн гадаад орчны тодорхойгүй байдал нэмэгдэж, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурснаар экспортын орлого бууралтад голлох нөлөөг үзүүлэв. Бараа, үйлчилгээний импорт агшиж, цалингийн төлбөр, хөрөнгийн өгөөж, ногдол ашиг зэрэг анхдагч орлогын дансны алдагдал өмнөх оны мөн үеэс буурсан ч барааны экспорт буурснаар урсгал дансны алдагдал 1.7 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 450 сая ам.долларын алдагдалтай гарлаа.
Төсвийн орлого төвлөрүүлэлт нүүрсний үнэ болон экспортын орлого буурсны улмаас саарлаа. Нүүрсний үнийн бууралттай холбоотойгоор уул уурхайн салбараас төсөвт төвлөрөх орлого саарч 2025 оны эхний хагас жилд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.0 их наяд төгрөг буюу 6.9 хувиар буурсан байна. Улмаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 758.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2025 оны эхний хагас жилийн байдлаар 14.6 их наяд төгрөг төвлөрөхөөр төлөвлөсөн хэдий ч тус төлөвлөгөөнөөс 9.7 хувиар доогуур гүйцэтгэлтэй гарсан байна. Нөгөө талаас төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар тэлэхэд урсгал зарлагын өсөлт, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн нь голлон нөлөөлсөн байна.
Инфляц 2025 оны 2 дугаар улирлын эцэст 8.2 хувь болж саарсан ч төв банкны зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Эдийн засгийн дотоод идэвхжил саарч, эрэлтийн инфляцын дарамт буурахын зэрэгцээ нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт өмнөх улирлаас саарлаа. Мөн хүнсний болон хүнсний бус инфляц 2025 оны 2 дугаар улиралд саарах хандлагатай байв. Төв банкнаас мөнгөний бодлогын хүүг 2025 оны 2 дугаар улирлын туршид 12 хувьд хадгалав.
Зээлийн өсөлт алгуур саарч байна. Арилжааны банкнуудын зээлийн жилийн өсөлт 2025 оны 2 дугаар улиралд 27 хувьд хүрч саарсан байна. Шинээр олгосон зээлийн хувьд бизнесийн зээл давамгайлж байгаа бол хэрэглээний зээлийн өсөлт буурсан байна. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт үргэлжлэн саарч 3.7 хувьд хүрлээ. Тодруулбал, дотоодын зээл мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг голлон бүрдүүлэв. Түүнчлэн, банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өссөн байна. Нийт хадгаламжийн өсөлт 2025 оны 2 дугаар улиралд 15.1 хувьд хүрсний дийлэнх хэсгийг иргэдийн төгрөгийн хадгаламж бүрдүүллээ.

