2025 ОНД ОНХС-ИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ ЦАХИМААР АВАХ АЖИЛ УЛС ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

Мэдээлэл нийтлэсэн: Санхүү, төсвийн судалгааны газар

Нийтлэсэн огноо: 2024 оны 04 сарын 02


2025 онд сум, дүүргийн ОНХС-ийн санхүүжилтээр хийгдэх хөрөнгө оруулалтад иргэдийн санал авах ажил үргэлжилж байна. Жил бүр 6 дугаар сарыг дуустал хийгддэг санал авах ажлыг ихэвчлэн цаасаар авдаг байсан бол 2022 оноос “ОНХС” гар утасны аппликейшн ашиглан цахим хэлбэрээр авч эхэлсэн. 



Иргэн та "ОНХС" гар утасны аппликейшн ашиглан 2025 оны ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжих хөрөнгө оруулалтад 6 дугаар сарын 15 хүртэл саналаа өгөх юм.



Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нэг дор, уялдаа холбоотой байх үүднээс бид ОНХС-ийн санал авах ажлыг мөн И-Монгол цахим хуудас болон И-Монгол гар утасны аппликейшнтэй холбосон. Ингэснээр “Үйлчилгээ” хэсгээс ОНХС-ийн санал өгөх гэж ороод саналаа өгөх боломжтой болсон. Харин “ОНХС” гар утасны аппликейшнийг утсандаа тусад нь татаж суулгаснаар тухайн иргэний оршин сууж байгаа газрын ОНХС-д хэдэн төгрөг хуваарилагдсан, хэдэн санал гарсан, түүгээр нь ямар ажлууд хийгдсэн гээд бүх нарийн дэлгэрэнгүй мэдээллийг, зураг хөрөгтэй нь үзэх боломжтой гэдгээрээ онцлог. Тиймээс “ОНХС” аппликейшн бол мэдээлэл авах, буцаагаад хяналт тавих, саналаа өгөх гээд олон талын ач холбогдолтой, таны гар утсан дээр байх ёстой аппликейшнуудын нэг юм.



“Орон нутгийн хөгжлийн сан”-ийн цахим санал авах үйл ажиллагаа 6 дугаар сарын 15-ыг хүртэл улс орон даяар үргэлжилнэ. Орон нутагт 4 дүгээр сарын 2-оос эхлэн цахимаар санал авч эхэлсэн бол нийслэл хотод 4 дүгээр сарын 15-аас санал авч эхэлнэ. Иргэн та амьдарч буй орчноо сайжруулахын тулд шүүмжилж суух биш өөрийн санаачилгыг гарган “ОНХС” аппликейшнийг яг одоо гар утсандаа суулгаад цахим санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.



САНГИЙН ЯАМ © 2024 он