Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсөв тус тус батлагдлаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2022 оны 11 сарын 11


Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
 
Ирэх 2023 оны төсвийн онцлог: 

1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд боловсруулагдаж, хэрэгжих анхны бүтэн жилийн төсөв болж байна. Ингэснээр ирэх 2023 онд 1 их наяд төгрөгийг хэмнэх боломж бүрдэж байна.

2. Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг огцом бууруулж 2020 онд  4.4 их наяд төгрөг, 2021 онд 2.9 их наяд төгрөг, 2022 онд 2.4 их наяд төгрөг байсан төсвийн алдагдлыг 2023 онд даруй 1 их наяд төгрөгөөр огцом бууруулж 1.4 их наяд төгрөг байхаар баталлаа.

3. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Тухайлбал, Улаанбаатар хотоос орон нутагт бизнесээ шилжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл, шилжин амьдрах иргэдэд 3 хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээл олгох юм.

4. Улаанбаатар хотод шинээр 457 автобус, иж бүрэн тоноглогдсон автопаркийн хамт ашиглалтад оруулж нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.

5. Шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлого барьснаар 2023 онд нийт төслийн 78 хувь нь ашиглалтад орно. Үүнд: 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг, 62 эмнэлгийн барилга ашиглалтад оруулна. Хөвсгөл, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорнод аймгуудад 100-300 ор бүхий хүүхдийн болон нэгдсэн эмнэлгийн барилгууд ашиглалтад орж нийгмийн үйлчилгээний чанар сайжирна. Мөн 10 гаруй жил үргэлжилсэн 2 аймгийн театр, Үндэсний номын сангийн барилгыг дуусгана.

6. Эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломждоо тааруулан  өндөр орлоготой, чинээлэг өрхийг Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс татгалзаж, тэтгэмж зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хамааруулахаар төлөвлөлөө.

7. Цалингийн тогтолцооны шинэчлэлийн хэрэгжүүлнэ. Үүнд:

     ✓ Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн цалинг нэг суурьтай, шатлалгүй болгоно.

     ✓ Бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор 6 хувиар нэмэгдүүлнэ.

     ✓ Төрийн албан хаагчийн ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам тооцож олгоно.

     ✓ Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувиар тооцож олгохоор 2023 оны төсөвт тусгалаа. 

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ

 

 

 


САНГИЙН ЯАМ © 2022 он