ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ГАНБАТ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2023 оны 09 сарын 07


Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйгийн албан томилолтын хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Цай Вэньруй нь 2020 оны нэгдүгээр сараас манай улсад Элчин сайдаар томилогдон ажилласан юм. Элчин сайд Цай Вэньруй Монгол улсад ажиллах хугацаандаа дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд үеийг хоёр улс  хамтдаа даван туулж, харилцан туслалцаж, нягт хамтран ажилласаныг онцоллоо. Мөн тэрбээр нийгэм, эдийн засгийн хүндхэн цаг үед хоёр тал “Ногоон гарц”-ыг шуурхай нээснээр худалдааг дэмжин, томоохон хамтарсан төслүүдийг тогтвортой үргэлжлүүлэн ажилласныг онцлон тэмдэглэв.  

Хоёр улсын төрийн өндөр, дээд түвшний айлчлалууд тогтворжсоны үр дүнд санхүү, эдийн засгийн харилцаа, хамтын  ажиллагаа улам өргөжиж, ач холбогдол өндөр төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн гэдгийг нэмж хэллээ. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Эрхэмсэг ноён Элчин сайд Цай Вэньруйд цаашдын ажил, амьдралд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, талархал илэрхийлэв.


САНГИЙН ЯАМ © 2024 он