ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар - Ү.Дуламсүрэн

Нийтлэсэн огноо: 2018 оны 04 сарын 10


Монголын Эдийн Засгийн Чуулганы эхний үе шат буюу “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлдөх уулзалт” 2018 оны 3-р сарын 28-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү зөвлөлдөх уулзалтаар Сангийн яам “Татварын багц хуулийн шинэчлэл”-ийн хүрээнд хийгдэж буй татварын эрх зүйн орчны гол өөрчлөлтүүдээ танилцуулан, санал солилцож, хэлэлцүүлгийн үр дүнгээ тайлагнасан.

Татварын хуулийн шинэчлэлд “Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “ААНОАТ-ын шинэчилсэн найруулгын төсөл”, “ХХОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Дагалдах бусад хуулийн төслүүд” багтсан юм.

Дээрх хуулийн төслүүдэд бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз суурийг өргөтгөх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход анхаарч, сайн татвар төлөгчийг дэмжих, татвараас зайлсхийдэг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримталсан өөрчлөлтүүдийг оруулсан.

Сангийн яам нь Татварын Ерөнхий Газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын албадтайгаа хамтарч 2018.02.23 – 2018.03.24 хооронд  татварын хуулийг шинэчлэлтэй холбоотой нийт 39 удаагийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг  зохион байгуулж, 5600 орчим санал хүлээн авсан.

Танхимын хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 4790 хувь хүн, аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож 3946 орчим санал ирүүлсэн бол Сангийн яам, Татварын албаны цахим хуудас, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын фэйсбук, твиттерийн хуудсаар 810 санал, бичгээр 800 орчим санал хүлээн авсан юм. Үүнээс ААНОАТ-ын тухай хууль – 2036, ХХОАТ-ын тухай хууль – 1340, Татварын Ерөнхий хууль – 1082, НӨАТ – 647, Дагалдах хууль -318 санал эзэлж байна.

Танхимын хэлэлцүүлэг, цахим хэлбэрээр сэтгэгдэл  ирүүлсэн нийт оролцогчдын саналыг дүгнэхэд, хуулийн төслийг шууд дэмжиж буйгаа илэрхийлсэн нь 19%, дэмжихгүй байгаагаа шууд илэрхийлсэн нь 4% байлаа. Сангийн яам танхим, цахим болон бичгээр ирүүлсэн саналаас 26% хүлээн авсан бол 25% хүлээн аваагүй, 6% дахин нягтлах шаардлагатай гэж үзсэн.

Татварын багц хуулийн шинэчилсэн төслийг УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаа эхлэхэд Монгол Улсын Засгийн Газраас өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он