ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ СТАНДАРТ ЭНД ПҮҮРС АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ “B, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2019 оны 11 сарын 29


Стандарт энд Пүүрс агентлаг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” хэвээр үлдээлээ.

Зээлжих зэрэглэлийн үнэлгээг ‘B’ хэвээр үлдээхэд дараах хүчин зүйлс гол нөлөө үзүүлсэн байна. Үүнд:

-Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдал;

-Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж   байгаа байдал;

-Түүхий эдийн үнэ өндөр байгаа зэрэг болно.

Макро эдийн засгийн болон төсвийн үзүүлэлтүүд сайжирсан хэдий ч ирэх онд хүлээгдэж буй сонгуулийн тодорхой бус байдал, гадаад өрийн эргэн төлөлтүүд болон түүхий эдийн үнээс хамаарч эдийн засгийн өсөлт саарч болзошгүй зэрэг эрсдэлүүд нь зээлжих зэрэглэлийн төлөвийг 2020 онд тогтвортой хэвээр үлдээхэд гол нөлөө үзүүлсэн байна.

Зээлжих зэрэглэлийн талаар:

Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтоолгох зорилгоор олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд болох Фитч (Fitch Ratings), Мүүдис (Moody’s Investors Service), Стандарт энд Пүүрс (S&P Global Ratings) агентлагуудаар жил бүр үнэлгээ хийлгэж байна. 

Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ (Sovereign credit rating) нь тухайн улс зээлдүүлэгчийн өмнө зээлийн төлбөрөө эргэн төлөх чадвар, эрсдэлийг илтгэдэг үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлт нь аливаа улсын Засгийн газар зээллэг хийх жишиг хүүгийн түвшнийг тогтоох, хөрөнгө оруулагчдын тухайн улсад хөрөнгө оруулалт хийх суурь хүчин зүйл болдог. Түүнчлэн улсын зээлжих зэрэглэл нь тухайн улсын аж ахуйн нэгж байгууллагын зээлжих зэрэглэлийн үнэлгээний үндсэн жишиг болж өгдөг ба гадаадын хөрөнгө оруулагч болон хамтын ажиллагааны байгууллагууд аливаа шийдвэр гаргахдаа улсын зээлжих зэрэглэлийг чухалчлан авч үздэг. 

Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд тухайн улсын эдийн засаг, санхүүгийн ерөнхий үзүүлэлтүүд, улс төр, нийгмийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдээр тогтоож өгдөг бол зээлжих зэрэглэлийн төлөв нь тухайн улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн цаашдын чиг хандлагыг тодорхойлдог. 


САНГИЙН ЯАМ © 2024 он