Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн үе шат бүрэн цахимжиж, гүйцэтгэлийн материалыг цахимаар авдаг боллоо

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2022 оны 05 сарын 19


Сангийн яам улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системийн шинэчилсэн 3.0 хувилбарыг нэвтрүүлж, нээлттэй, ил тод, хэмнэлттэй байдлыг сайжрууллаа. 2018 оноос эхлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд аргачлал, цахим систем, гар утасны аппликэйшнийг нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд цахим системийг хөгжүүлэлтийг тасралтгүй хэрэгжүүлж, шинэчилсэн 3.0 хувилбарыг нэвтрүүллээ.

Цахим систем шинэчлэгдсэнээр дараах үр дүн, үр ашиг бий болж байна:

  • Төсвийн төсөлд тусгах улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг аймаг, нийслэл, салбар яамд, Сангийн яам гэсэн 3 түвшинд аргачлалын шалгуур үзүүлэлтээр эрэмбэлж, цахимаар төлөвлөдөг болов.
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний эрх шилжүүлэлт, хуваарилалт, худалдан авах ажиллагаа, гэрээний удирдлага, хэрэгжилт, гүйцэтгэл, санхүүжилт зэрэг олон үе шат, үйл ажиллагааг бүхий л оролцогчид нэг цахим систем дээр цахимаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэв.
  • Иргэд, олон нийт улсын төсвийн хөрөнгө оруулалтын бүхий л үйл ажиллагаа, тэр дундаа хаана ямар төсөл хэдэн төгрөгөөр хэрэгжиж байгаа, төслийг ямар компани хэрэгжүүлж байгаа, санхүүжилт авсан эсэх, хамгийн чухал нь санхүүжилтийн хүсэлт хаана, ямар байгууллага дээр явж байгаа зэргийг хүссэн цагтаа нээлттэй авах боломжтой боллоо.
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллагууд санхүүжилтаа авахын тулд олон байгууллагуудад их хэмжээний цаасан материал бүрдүүлдэг байсныг цахимд шилжүүлснээр техник ажиллагааг бууруулах, явцыг хурдасгах, хэмнэлтийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.

Зөвхөн нэг статистик дурдахад Сангийн яам 2018-2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн материал болох 4400 ботийг архивт хүлээлгэн өгсөн буюу энэ нь 1848 модны хэрэглээтэй тэнцсэн байна, цахим системийн 3.0 хувилбарыг шилжүүлснээр цаасан хэрэглээнээс цахим хувилбарт бүрэн шилжлээ. Энэ хүрээнд захиалагч, гүйцэтгэгч болон 850 гаруй хүмүүст цахим сургалтыг зохион байгуулаад байна. Мөн хамгийн чухал нь Монгол Улсын улсын төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн ажиллаж байна.


САНГИЙН ЯАМ © 2024 он