“НЭГ ЕВРОП НЭГ БАГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - Admin

Нийтлэсэн огноо: 2022 оны 03 сарын 01


Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан Европын холбооноос зохион байгуулсан “Нэг Европ Нэг Багийн хөрөнгө оруулалтууд” арга хэмжээнд оролцож үг хэллээ. Тус арга хэмжээний үеэр Европын холбооноос хөгжлийн санхүүжилтийн чиглэлээр баримталж буй бодлого, Тогтвортой хөгжлийн төлөөх Европын сан болон Европын холбооны “Дэлхийд гарах гарц” хөтөлбөрүүдээ танилцуулсан. Энэ хүрээнд Европын холбооноос Европын хөрөнгө оруулалтын банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтарсан санхүүжилтээр манай улсын дэд бүтэц, эрчим хүчний салбар, жижиг дунд, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүдээ албан ёсоор танилцуулсан.

Сангийн сайдаас Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах,   хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилготой “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, санал солилцсон. Мөн манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд Европын холбооны “Нэг Европ Нэг Багийн хөрөнгө оруулалтууд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэх үүргийн чухлыг онцоллоо.


Мэдээ, мэдээлэл


Эмгэнэл ...

2024.03.15




















САНГИЙН ЯАМ © 2024 он