Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2022 онд хэрэгжих төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэг болголоо

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2022 оны 01 сарын 19


Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19,5 хувьд нь тендер зарлажээ. Тендерийн үнэлгээ хийж байгаа, шалгаруулалтын үр дүн гарсан 8 төсөл, арга хэмжээ байна. Тендер зарлаж хүлээж авах хугацаа дуусаагүй 134 төсөл, арга хэмжээ байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зарлахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар шийдвэрлэлээ.
 
Мөн өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталлаа
 
“Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт үүрэг болголоо.
Уг журмаар Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэн бүрд хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, бүртгэх, хуримтлалаас мөнгөн хэлбэрээр олгох асуудлыг зохицуулах юм.
Журам хүчин төгөлдөр хэрэгжих эхлэхээс өмнө, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар Халамжийн нэгдсэн санд бүртгэлтэй буюу хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан 1,2 сая хүүхдийг хуримтлалд шууд хамруулна.

Коронавируст халдварын цар тахлын нөлөө бүрэн арилаагүй өнөөгийн нөхцөлд бага, дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хүсэлт гаргавал хүүхдийн мөнгөн хуримтлалаас тодорхой хувийг сар бүр бэлнээр авах боломжтой. Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах явцыг иргэдэд чирэгдэл багатай зохион байгуулна. Иргэд ehalamj.mn цахим хуудас, ebarimt гар утасны аппликейшн ашиглан хүсэлтээ гаргана. Цахимаар гаргах боломжгүй бол харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс эсвэл хүүхдийн нэрийн данс байрших арилжааны банкны салбарт хандаж болно.

Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргахдаа дараагийн саруудын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилан гаргаж болно. Хүүхдийн мөнгөн хуримтлалын тогтолцоонд шилжиж байгаатай холбоотойгоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хүчингүй болголоо.


САНГИЙН ЯАМ © 2024 он