МОНГОЛ УЛС, ДЭЛХИЙН БАНКНЫ ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИТАЙ ХАМТРАН “УХААЛАГ ЗАСАГ-2 ТӨСӨЛ”ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2023 оны 01 сарын 10


“Ухаалаг засаг-2 төсөл”-ийн 29.5 сая долларын зээлжих тусгай эрхийн Зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд Б.Жавхлан, Дэлхийн банкийг төлөөлөн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Дэлхийн банкны төлөөлөгчид оролцлоо.

Уг төслийг хэрэгжүүлснээр Шинэ сэргэлтийн бодлогын Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг урагшлуулахад чухал ач холбогдолтой төдийгүй  Төрийн цахим үйлчилгээний системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, кибер аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах гэх мэт дижитал шийдлийг нэмэгдүүлснээр иргэдэд төрийн үйлчилгээг хурдан, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх юм.

Төслийн нэгдүгээр үе шат болох “Ухаалаг засаг-1 төсөл”-ийг амжилттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ системд төрийн 62 байгууллагын 665 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1,016 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ухаалаг газрын харилцааны системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэнд үйлчилгээг цахимаар хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 242,005 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхэд суулгаж, олгосон байна.


САНГИЙН ЯАМ © 2023 он