ЗАСГИЙН ГАЗРААС БОЛОВСРУУЛАН ӨРГӨН БАРЬСАН “ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ӨНӨӨДРИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААР БАТЛАГДЛАА.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2022 оны 12 сарын 09


Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл бол анхдагч хуулийн төсөл бөгөөд Монгол Улсын санхүү, төсвийн удирдлага, тогтолцоонд шинэ зохицуулалт, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, түүнчлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол бүхий нийтийн зориулалттай дэд бүтэц болон төрийн үйлчилгээний салбарын төслүүдийг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн зорилтуудыг хангах боломжийг бүрдүүлэхээс гадна хувийн хэвшилд бизнесийн томоохон зах зээл нээж өгч байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг хэрэгжүүлснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, оролцоог нэмэгдүүлэх, түүгээр дамжуулан ажлын байрыг бий болгох, хувийн хэвшлийн бизнесийн зах зээлийг тэлэх, урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хамтран ажиллах, төр хувийн хэвшилтэй урт хугацаанд түншилж дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар үйлчилгээний салбарт өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг бий болгох, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу талыг бий болно.

Томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэх юм.


САНГИЙН ЯАМ © 2024 он